ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Л.Амар: Хугацаагүй хадгаламжийг хүүгүй болгосон шийдвэрийг банкууд хэрэгжүүлэхээс өөр гарцгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-09-09

Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал  Л.Амартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хугацаагүй хадгаламжид хүү тооцохгүй байх шийдвэрийг УИХ-аас гаргасан. Энэхүү шийдвэр  арилжааны  банкуудад ямар эрсдэл дагуулах вэ. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-УИХ-ын ээлжит бус чуулганаар Зээлийн хүү бууруулах стратегийг баталлаа. Стратегийн хүрээнд 47 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа. Үүний 38 нь макро эдийн засгийг тогтворжуулах, валютын ханшийг тогтвортой байлгаж, гадаад валютын  нөөцийг нэмэгдүүлэх, зээлжих зэрэглэлийг сайжруулах гэх мэт олон талын арга хэмжээг хэрэгжүүлэх юм. Мөн банкны эх үүсвэрийн зардлыг бууруулах ажлын хүрээнд хугацаагүй хадгаламжид хүү тооцохгүй байх зохицуулалт хийх захиргааны арга хэмжээг авахаар тусгасан.  Одоо "Ковид-19"-ын үед хэрэгжиж байгаа хуулиар харилцах хадгаламжид хүү тооцохгүй. Өөрөөр хэлбэл, УИХ-аас хугацаагүй хадгаламж бол хадгаламж биш. Харин  төлбөр тооцоогоо  богино хугацаанд хийх учраас учраас хүү төлөхгүй байх нь зүйтэй гэж үзсэн. Тухайлбал, хүү төлдөг хадгаламж нь тодорхой хэмжээний хугацаатай байх ёстой гэж үзсэн. Тиймээс зээлийн хүү бууруулах стратегид хугацаагүй хадгаламжид хүү тооцохгүй  заалт оруулсан байгаа.

-Арилжааны банкуудад  хүлээн зөвшөөрч байгаа юу. Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэхэд бэлэн үү?

-Хуулиар хугацаагүй хадгаламжийг хүүгүй болгосон  учраас банкууд хэрэгжүүлэхээс өөр гарц байхгүй шүү дээ.

-Арилжааны банкууд гаднаас мөнгө татах бүрэн боломжтой шүү дээ. Энэ нь эргээд эдийн засагтаа хэр хүртээмжтэй байдаг вэ. Гадаад өр 2.2 тэрбум болсон гээд Ерөнхий сайдаас шүүмжлэл хүртсэн?

-Банкны салбарын гадаад өр бусад салбарыг бодвол орж ирэхдээ шууд эдийн засагтаа нөлөөлдөг. Үүнийг төрөөс аваагүй. Харин гаднаас аваад бусдад зээл хэлбэрээр олгож байна. Банкны салбарын хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулахад гаднаас мөнгө татах зайлшгүй шаардлагатай.

-Гадны улс орнуудад манай улсын зээлжих зэрэглэл тааруу үнэлгээтэй байгаа. Хатуухан хэлэхэд, “аз сорих”  хэмжээнд хүрсэн шүү дээ. Энэ тохиолдолд гадныхан бидэнд итгэл үзүүлэх үү?

-Тийм ээ. Манай улсын зээлжих зэрэглэл олон улсын түвшинд ийм хэмжээнд хүрсэн. Тэгэхээр өгөөд үзье гэсэн улс орнууд мөнгө зээлж байна гэсэн үг. Өмнө нь манай арилжааны банкуудын зээлжих  зэрэглэл улсаас  дээгүүр түвшинд байсан. Зээлийн зэрэглэл тогтоодог байгууллагын зүгээс улсын рейтингээс дээгүүр байгууллагынх байж болохгүй гэж шийдвэрлэсэн байдаг. Түүнээс хойш улсынхаа рейтингээр зээлжих зэрэглэл нь адилхан  буурсан гэж болно.

-Зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэхийн тулд төрөөс ямар бодлого хэрэгжүүлэх шаардлагатай вэ. Манайх тааруу зэрэглэлтэй гээд энэ хэвээр суугаад байж болохгүй шүү дээ?

-Төр засгийн зүгээс эдийн засгаа төрөлжүүлж, экспортыг нэмэгдүүлэх шаардлагатай. Мөн макро эдийн засгийн үзүүлэлтээ сайн авч явах ёстой. Гадны хөрөнгө оруулалтыг дэмжих, хууль эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх гэх мэт олон цогц ажлыг шат дараатай хэрэгжүүлснээр зээлжих зэрэглэл сайжирна, нэмэгдэнэ, өснө.

-Ерөнхий сайдын мэдэгдлийг сонссон байх. Зээл авах бол төрөөс зөвшөөрөл авах тухай асуудал хөндөгдсөн. Энэ талаар танай холбоо ямар байр суурьтай байна вэ. Хяналаа гэхэд  ямар үр дүнд хүрэх вэ?

-Энэ  банкны салбарт хамааралгүй байх. Арилжааны банкуудын хувьд аль болох гаднаас санхүүгийн эх үүсвэр татаж байх нь чухал.

-Зээлийн хүү бууруулах шийдвэрийн хүрээнд банк санхүүгийн байгууллага хэрхэн хамрагдаж байгаа вэ?

-Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүг бууруулах дэд ажлын хэсэг байгуулагдсан.  Тэгэхээр зээлийн хүүг бууруулах шийдвэр банк бус санхүүгийн байгууллагад ч хамааралтай гэсэн үг. Зээлийн хүү гэдэг нь ганцхан банкны асуудал биш. Өөрөөр хэлбэл, санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүх салбарынханд хамааралтай юм.

-УИХ-ын намрын чуулганаар банк санхүүгийн салбарын хэчнээн хуульд нэмэлт өөрчлөлт орох вэ. Үүнд танай холбоо ямар оролцоотой байгаа вэ?

-УИХ-аас гаргасан тогтоолтой холбоотой голлох арав гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулах юм байна. Манай холбоо дэргэдэх хуулчдын мэргэжлийн зөвлөл  аль, аль хуулийн төсөлд санал дүгнэлтээ өгөх вэ гэдгээ шийднэ.