ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ц.Насанбат: Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг шилжүүлж авах асуудал яригдаж байгаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-10-07

Прокурорын байгууллагаас өнөөдөр /2020.10.07/ мэдээлэл хийж 2020 оны гуравдугаар улирлын тайлангаа танилцууллаа. Энэ үеэр  олны анхаарал татсан зарим хэргүүдийн  талаар  танилцуулсан бөгөөд  Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Интерполоор эрэн сурвалжлах ажиллагааг мөрдөх байгууллагын мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд үргэлжлүүлэн явагдаж байгаа талаар онцолсон юм. Энэ талаар болон бусад асуудлаар Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.Насанбатаас зарим асуудлаа тодрууллаа. 

-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжилж байгаа юу?

-Мөрдөх байгууллагууд мөрдөн байцаах ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байгаа. Шилжүүлж авах тухай асуудлаар холбогдох байгууллагад хандсан.

-ЖДҮХС-тай холбоотой хэргийн шалгалтын ажиллагаа дууссан уу?

-Энэ асуудалд шалгаж байгаа хэргүүд байгаа.

-800 хятад иргэнтэй холбоотой хэрэгт монгол хүн холбогдсон уу?

-15 хүнтэй нэг хэрэг, зургаан хүнтэй нэг хэрэг хоёр дүүргийн шүүхэд шилжсэн. Тодорхой шалтгаануудын улмаас шүүх хурал хойшилсон. Үүнтэй холбоотой монгол хүнийг шалгаж байгаа хэрэг бий.

-ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг тагнаж, чагнасан гэх асуудлаар Тагнуулын ерөнхий газрын 11 ажилтныг яллагдагчаар татагдсан гэх мэдээлэл байна?

-Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх  боломжгүй.

-Худалдаа хөгжлийн банкны захирлуудтай холбоотой хэрэг шийдэгдсэн үү?

-Худалдаа хөгжлийн банкны захирлуудтай холбоотой хэрэгт шийдвэр гаргах түвшний хүмүүстэй холбоотой хэрэг шийдвэрлэгдсэн. Харин бизнесийн байгууллагын зарим хүнтэй холбоотой хэрэгт шалгалтын ажиллагаа явагдаж байна.