ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Жиро Акама: Япон улсын барилга гамшгийн улмаас нурахгүй

Ц.ЧАНДМАНЬ-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2018-07-05

Цунами, Торнадо хар салхи, галт уулын дэлбэрэлт, газар хөдлөлт, үер, ган, зуд байгалийн гамшигт үзэгдэл сүүлийн жилүүдэд ихээр гарах болсон. Дэлхийн дулаарал, хүн төрөлхтний байгаль дэлхийтэйгээ зүй бус харьцаж буйгаас үүдэн дээрх гамшиг осол гарч байгааг эрдэмтэн судлаачид тогтоож, эх дэлхийгээ аварч хамгаалахын төлөө дэлхийн улс орнууд хамтран ажиллах ёстойг уриалах болсон билээ. Байгалийн давагдашгүй хүчин зүйл, гамшигт үзэгдлийн эрсдэлийг бууруулах, гамшгийн үед бэлэн байх, гамшгаас урьдчилан сэргийлэх, харилцан туршлага солилцох зорилгоор хийж буй “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн Сайд нарын II бага хурал” Улаанбаатар хотод үргэлжилж байна. Дэлхийн 50 гаруй орны 3500 гаруй зочид төлөөлөгчид “Гамшгийн эрс­дэлээс урьдчилан сэргийлс­нээр тогтвортой хөгжлийг хам­гаа­лах нь” уриалгын дор энэ са­рын 3-6-ны өдрүүдэд чуулж байна. 

Гамшгийн эрсдэлийг бууруулах сайд нарын чуулганыг дэлхийн улс орнуудад сүүлийн жилүүдэд тохиож, онц их хэмжээний хохирол учруулсан байгалийн гамшигт үзэгдлүүдийн талаарх баримт киногоор нээсэн юм. Чуулганы үндсэн хуралдааныг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал хариуцсан тусгай төлөөлөгч, НҮБ-ын  Гамшгийн эрсдэлийг бууруулах байгууллагын тэргүүн  хатагтай Мами Мизутори  нар удирдан явуулж байна. Азийн сайд нарын хурлын индэр дээрээс дэлхийн улс орнуудад учирч буй байгалийн гамшиг, монгол хүүхэд залуучуудад ямар айдас төрүүлж байгаа талаар З.Маралгоо охин үг хэлсэн юм.  Тэрбээр “Би энэ тайзнаа Ази, Номхон далайн улс орнуудын бүх хүүхэд, залуучуудыг төлөөлж үг хэлэхээр ирлээ. Газар хөдлөлт, үер, цунамигаас болж амь насаа алдаж зовж, зүдэрч байгаа хүмүүсийг зурагтаар үзэхэд надад маш их айдас төрдөг.

Байгалийн гамшгийн аюулаас болж орон гэргүй хоцорч, эцэг эхээ алдаж байгаа хүүхдүүдийг хараад би өөрийн эрхгүй уйлдаг. Манай оронд “Зуд” хэмээх байгалийн гамшиг болдог. Зудын үеэр цаг агаар тэсгэм хүйтэн болж, ан амьтдын хөл хөдөлж чадахгүй болтлоо хөлддөг.  Зудын гамшиг нүүрлэсэн үед малчид өөрсдөдөө тусалж чадахгүй байгааг харахаар надад харамсал төрдөг. Гэсэн хэдий ч гамшиг зовлонтой учирч тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийн төлөө гараа сунгах сая сая эрэлхэг, зоригтой хүмүүс байдгийг би мэднэ. Аврагчид эцэг эх, хүүхдүүдийг аюулаас аварч байгааг хараад би хязгааргүй ихээр баярладаг. Мөн гамшгийн эрсдэлийг бууруулахаар өнөөдөр миний төрөлх хот Улаанбаатарт дэлхийн 50 гаруй улсын мянган мянган хүмүүс цугларч байгааг би мэднэ.
Би та бүхнийг Ази-Номхон далайн бүсийн хүүхэд залуучуудтай хамт сэтгэл зүрх, бодол санаа, хүсэл тэмүүллээ нэгтгэн, бид бүгдийн төлөө гэрэлт ирээдүйг бүтээхийг чин сэтгэлээсээ уриалж байна. Баярлалаа!” хэмээн цангинасан цовоо дуугаар мэндчилсэн нь гадаадын зочид төлөөлөгчдийн талархлыг хүлээсэн юм.

Өчигдөр өглөө  09:00 цагаас  “Шангри-Ла” зочид буудлын II, III танхимд Сайд нарын мэдэгдэл, Гамшгийн эрсдэлийг бууруулах засаглалын хуралдаан боллоо. Харин тус зочид буудлын их танхимд “Хувийн хэвшлийн оролцоо”, “Нийгмийн хамгаалал ба эмзэг байдлыг бууруулах нь”, “Жендер ба оролцоо” зэрэг сэдэвчилсэн хурлууд болсон юм. Тус хуралд гамшгийн удирдлагын эрхэлсэн сайд нар, гишүүн улс орны бага хурлын төлөөлөгчдийн тэргүүн, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ажиглагчийн статустай бусад байгууллагын ахлах төвшний төлөөлөгчид оролцож байв.
Хурлын танхимын баруун жигүүрийн хана дагуулан бага хуралд оролцогч орнуудын төрийн далбааг эгнүүлэн тавьсан харагдана. Улс үндэстнийхээ онцлогийг харуулсан үндэсний хувцсаар гоёсон төрийн өндөр дээд албан тушаалтнууд хурлын үйл ажиллагааг анхааралтай ажиглаж улс хоорондын найрсаг яриа өрнүүлж байлаа.

Хурлын үеэр Япон улсын төрийн сайд, эрхэмсэг ноён Жиро Акаматай уулзаж Япон улс гамшгаас хэрхэн урьдчилан сэргийлдэг болохыг асуухад “Гамшгаас урьдчилан сэргийлэх нь иргэн бүрийн оролцоот чухал асуудал мөн. Төрөөс иргэдээ гамшгаас хамгаалах, эрсдэлийг даван туулах, бага хохирол амсахын тулд газар хөдлөлт болон цунамид тэсвэртэй байшин барилга барихыг чухалчилж үздэг. Манай оронд газар хөдлөлтөөс болж байшин барилга нурах эрсдэл үгүй” гэсэн юм. Мөн хурлын үеэр БНСУ-ын Дотоод хэрэг аюулгүй байдлын дэд сайд, эрхэмсэг ноён Бо-Кон Шимтэй уулзаж Монгол, Солонгос хоёр улс хамтран гамшгаас хамгаалах, урьчилан сэргийлэх хэрхэн хамтарч ажиллаж байгааг тодрууллаа. Тэрбээр “Солонгос улс, Монгол Улсад гамшгийг даван туулах ажиллагаанд зориулж техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн туслалцааг үзүүлдэг. Мөн гамшгаас хамгаалах аврагчдын ур чадварыг нэмэгдүүлэх сургалтад 300 гаруй албан хаагчийг хамруулсан. Эдгээр ажлыг цаашид ч дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтран ажиллана” хэмээсэн юм.

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран олон улсын үзэсгэлэнг Чингисийн талбайд зохион байгууллаа. Улаан оройтой цагаан асар эгнүүлэн барьсан талбайд цагаан өнгийн унадаг дугуй, улаан хантаазаар ижилссэн сайн дурын ажилтнууд зочид төлөөлөгчдөд хөтөч хийн тусалж байлаа.  Үзэсгэлэнгийн үеэр Азийн сайд нарын бага хуралд оролцож байгаа 49 улс орон, олон улсын байгууллага гамшгийн эрсдэлийг бууруулах талаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа өөрсдийн бүтээлээр дамжуулан олон нийтэд хүргэж байгаа юм.

Ази номхон далайн бүс нутгийн улс орнуудын олон байгууллага, иргэдийн хооронд шинжлэх ухаан, судалгаа шинжилгээ, техник технологи, бизнесийн болоод ажил хэргийн түншлэл, хамтын ажиллагааны эхлэлийг энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан олгож байлаа. “Шангри-Ла” зочид буудалд болж буй Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлаас монголчууд ямар туршлага суралцах, гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлж буй дэлхийн улс орнуудын тэргүүн туршлагаас суралцах нь дамжиггүй.