“Pasture, eco, premium” гэсэн гурван үгээр бүтээгдэхүүнээ тодорхойлсон цоо шинэхэн брэнд хөдөө аж ахуйн салбарт шинэ түүх бичлээ. Энд төрийн оролцоо огтхон ч байхгүй. Цэвэр хувийн хэвшлийнхний нөр их хөдөлмөр, олон жилийн судалгаа, шинжилгээ, хичээл зүтгэлийн үндсэн дээр “Монгол махаар дэлхийг дайлах” монголчуудын мөрөөдөл хажууд ирж, эрүүл эко брэнд үүд хаалгаа үйлчлүүлэгчдийнхээ өмнө /2020.11.01/ нээлээ. “Нарны зам” дагуу байрлах “Саруул” худалдааны төвийн хажууд өөрийн нэрийн дэлгүүрээ анхлан нээж буй “Монголиан лэмб” брэндийг “Чинээлэг малчин” ТББ болон “Мон эко лэмб” ХХК хамтран бий болгожээ. Pasture буюу бэлчээрийн, eco буюу эрүүл органик, premium буюу дээд зэрэглэлийн тансаг, хамгийн гол нь монгол орны хөрсөнд ургасан 500 гаруй эмийн ургамлаар тэжээгдсэн хурганы махыг дотоод, гадаадын зах зээлд гаргах нь тус хамт олны ойрын болон хэтийн зорилго юм. Жилээс жилд бэлчээрийн доройтол ихэсч, малын чанар муудаж, элдвийн вакцин, эм тариагаар “угжуулсан” малын махыг хүнсэндээ хэрэглэж байгаа цөвүүн цаг үед шинэхэн брэндээ “бэлчээрийн, эко, дээд зэрэглэлийн” байлгахаар зүтгэж буй тус хамт олны хичээл зүтгэл нь хөдөө аж ахуйн салбарт цоо шинэ түүх бичиж байна хэмээн үнэлж буй хэрэг юм.
Гавьяат зоотехникч Л.Эрхэмбаяр “Манай салбарт ийм сайхан өдөр ирдэг юм байжээ” хэмээн уулга алдсан нь энэхүү брэнд хэчнээн үнэ цэнтэйг, бид яагаад дэмжих ёстойг, цаг үеэ хэрхэн мэдэрснийг бэлхнээ хэлээд өгөх биз ээ. “Чинээлэг малчин” ТББ нь сүүлийн таван жилийн хугацаанд монгол малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, бэлчээр хамгаалах, малчин өрх бүрийг үйлдвэрлэгч болгох чиглэлээр олон ажил хийсэн билээ. Малчдын орлогыг нэмэгдүүлэхийн тулд “Чинээлэг малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлж, сургалт сурталчилгаа явуулж байгаа. Мөн хөдөө аж ахуйн эрдэмтэн судлаачидтай хамтран бэлчээр хамгаалах, монгол малын махыг хөгширсөн, чанаргүй болсон, олон жил бэлчээр сүйдэлснийх нь дараа үнэгүй шахам зардаг, эсвэл зуданд үхүүлдэг бус багад нь эдийн засгийн эргэлтэд оруулах гарц гаргалгааг малчдад зааж буй гэдгээрээ онцлогтой. Тиймдээ ч 21 аймагт хөтөлбөрийг хэрэгжүүлэх, цаашлаад малын арьс ширийг эдийн засгийн эргэлтэд оруулж, бэлчээрийн нөхцөлд найман сартай болтол нь өсгөж томруулсан хургыг дотоодын зах зээл, Иран, Ирак зэрэг гадны улс орны зах зээлд нийлүүлэх боломжийг тэд олж харжээ.
...“Чинээлэг малчин” ТББ нь сүүлийн таван жилийн хугацаанд монгол малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, бэлчээр хамгаалах, малчин өрх бүрийг үйлдвэрлэгч болгох чиглэлээр олон ажил хийсэн билээ. Малчдын орлогыг нэмэгдүүлэхийн тулд “Чинээлэг малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлж, сургалт сурталчилгаа явуулж байгаа...
Монголчууд бага малын махыг идэхээс цэрвэдэг ард түмэн. Тийн атлаа малынхаа хамгийн хөгшин, өвчтэйг буюу чанаргүйг нь сонгон иддэг. Гэтэл гадны улс орнууд эсрэгээрээ хамгийн эрүүл, эко, дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнийг хүнсэндээ сонгон хэрэглэдэг билээ. Тиймдээ ч бага малын мах, хурганы гэдэг ойлголтоо хойш тавьж, эко бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэх нь бидний хэрэглээ, хэрэгцээ болжээ. Төслийн багийнхны хэлж буйгаар “хурга” гэдэг ойлголтоо өөрчлөх цаг болсон байна. Тодруулбал, дөнгөж эхээс гарсан нялх хургыг нядалж, хүнсэнд хэрэглэх тухай асуудал биш бөгөөд бэлчээрийн орчинд 8-10 сар хүртэл өсгөсөн бага малыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай ойлголт юм.
Л.Одсэр: “Чинээлэг малчин” хөтөлбөр том АСУУДЛУУД шийднэ
“Чинээлэг малчин” ТББ-ын тэргүүн Л.Одсэр энэ талаар ярихдаа “Манай төрийн бус байгууллага нь Монгол Улсын шийдэж чадахгүй байгаа олон том асуудлыг шийдэх зорилготой байгуулагдсан. Тэр тусмаа 230 мянган малчин өрх буюу үйлдвэрлэгч малчдыг чинээлэг дундаж давхаргад оруулах нь бидний зорилго юм. Монгол Улсад сүүлийн 30 жил үүссэн ч шийдэж чадахгүй байгаа 3-4 том асуудал бий. Хамгийн эхэнд дэлхийд ялгарч байгаа бэлчээрийн мал аж ахуйгаа хамгаалж чадахгүй байна. Хоёрдугаарт, ядуурал. Гуравдугаарт, эрүүл хүнс. Дөрөвдүгээрт, дотоодын хүндрэл бэрхшээл болсон хот руу чиглэсэн их нүүдлийг зогсоож чадахгүй байгаа. Тэгвэл манай хөтөлбөр яг эдгээр асуудлыг шийдэх чиглэлд анхаарах юм. Бэлчээрийг сэргээх талаар туршилт судалгаа явуулж байна. Мөн арьс ширний үйлдвэрлэлийг сэргээх, эрүүл хүнсээр хангахаар ажлаа эхлүүллээ. Үүний эхлэл нь хурганы махыг дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэх явдал. Мал сүрэг маань 90 саяд хүрлээ. Энэ тоо нь бэлчээрийг 4-5 дахин даац хэтрэх шалтгаан болж байгааг нуух юун. Тиймээс бага малын махаа эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг санал болгож байгаа юм.
...Манай хөтөлбөр яг эдгээр асуудлыг шийдэх чиглэлд анхаарах юм. Бэлчээрийг сэргээх талаар туршилт судалгаа явуулж байна. Мөн арьс ширний үйлдвэрлэлийг сэргээх, эрүүл хүнсээр хангахаар ажлаа эхлүүллээ. Үүний эхлэл нь хурганы махыг дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэх явдал...
Хурганы мах нь ямар нэг бордоо, химийн эм тариагүй, дөнгөж бэлчээртээ гарсан цэвэр мах байдаг. Бид үүнийг экспортод гаргахаас гадна дотоодын зах зээлдээ хэрэглээнд нэвтрүүлэх цаг нь болсон. Хурганы гэхээр монголчуудын сэтгэлгээ, хандлага нь нялх малын мах гэдгээр хандаад байдаг юм. Гэтэл 8-10 сартай, бэлчээрт гарчихсан бараг л төлөг шиг том болчихсон учраас эрүүл эко гэдгээр хүнсэндээ хэрэглэх нь зөв. Малчид малаа 3-4 жил хариулж, бэлчээр талхлуулж, элдвийн эм тариа тарьсныхаа дараа хүнсэнд хэрэглэдэг. Улмаар дархлаа суларч, өвчилдөг. Ингэснээр ивомек буюу вакцин хийж, эко бүтээгдэхүүнээ хордуулж, түүнийгээ хүнсэндээ хэрэглэж байна шүү дээ. Харин нэг настай малын мах нь эрүүл учраас энэ соёлыг нэвтрүүлэх цаг нь болжээ. Дахин хэлэхэд бэлчээрээ хамгаалж, мал эдийн засгийн эргэлтэд орсноор тэд мөн ядуурлаас гаргах гэсэн эцсийн зорилготой ажиллаж байна” гэлээ.
Б.Пүрэвдорж: Нэг настай малын мах тэр чигээрээ ЭМ байдаг
Хурганы маханд хамгийн олон төрлийн эрдэс бодис, амин дэм агуулагддаг ажээ. Харин өсөж том болохын хэрээр амин дэмээ алдаж, чанар нь муудаж байдаг. Хүүхдийн өсөлтөд хамгийн хэрэгтэй эрдэс бодис буюу цайр, тамирчин, ахмад настан, жирэмсэн эмэгтэйчүүдэд нэн шаардлагатай бусад эрдэс бодисууд ч ихээр агууллагддаг гэдгийг Махны холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж онцолж байлаа. Угтаа “ЭМ” хэмээн тодорхойлоход болно гэсэн үг. Тиймдээ ч Иран зэрэг улс орнууд 1997 оноос эхлэн Монголоос хурганы мах авах захиалга ихээр өгдөг байсан гэлээ. Төлөгний махыг ч тэд маш амттай хэмээн худалдан авч, “Ил-76” онгоцоор 800 гаруй хонь ачиж байсан түүхийг эргэн дурсав. Нэг удаад тийм их хонь амьдаар гаргах боломжгүй учраас эцэстээ 72 цагийн дотор нядалсан шинэ мах гаргах зэргээр махны худалдаа хийж байсан ч ачааллаа дийлэхээ больж захиалгаа цуцлахад нь Ираны талаас хөлдөөсөн хэлбэрээр болтугай авна хэмээн захиалга өгч байсан гэдэг.
...Угтаа “ЭМ” хэмээн тодорхойлоход болно гэсэн үг. Тиймдээ ч Иран зэрэг улс орнууд 1997 оноос эхлэн Монголоос хурганы мах авах захиалга ихээр өгдөг байсан гэлээ. Төлөгний махыг ч тэд маш амттай хэмээн худалдан авч, “Ил-76” онгоцоор 800 гаруй хонь ачиж байсан түүхийг эргэн дурсав...
Энэ нь монгол малын мах ямар амттай, яагаад эрүүл, эко байх ёстойг нотлох нэгэн тод жишээ хэмээсэн юм. Тиймээс өвөг дээдсээс уламжлан ирсэн уламжлалт мал аж ахуйг бид орчин цагтай хослуулан хөгжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах ёстойг Б.Пүрэвдорж гишүүн онцолж байв. Дэлхий дахины хэрэглээ болсон 8-10 сартай бага малыг эдийн засгийн эргэлтэд хурдан оруулснаар эргээд ашгаа өгөх, мөн бэлчээрийн даацыг багасгах, малчид эдийн засгийн хувьд бие даах зэрэг олон давуу тал бүрдэх учраас Махны холбооны Ерөнхийлөгч, мөн бодлого тодорхойлогч УИХ-ын гишүүний хувиар хувийн хэвшлийн энэхүү ажлыг тууштай дэмжиж ажиллана гэсэн юм. Шинэ соёл, шинэ хандлагыг илүү сайн сурталчлахыг ч хэвлэлийнхэнд уриаллаа. Харин Монголын мал зүйч, зоо инженерүүдийн холбооны тэргүүн, Гавьяат зоотехникч Л.Эрхэмбаяр гуай энэ брэндийн талаар ярихдаа “Би малзүйч бөгөөд зоотехникч мэргэжлийг эзэмшээд 35 жил болжээ. Ийм сайхан үйл явдлыг хардаг юм байна. Монгол залуус дэлхийтэй эн зэрэгцэх хүнсийг монголчууддаа өргөн барьж буйд талархаж байгаа. Энэ хүнс бол онцгой юм.
Дэлхий даяар хонийг 8-14 сартайд нь хүнсэнд хэрэглэдэг. Харин үхрийг 18-28 сартайд хүнсэнд хэрэглэдэг. Ингэснээр хүнсний стандарт яригддаг юм. Манайх бол олон мянган жил нүүдлийн соёл иргэншилтэй явсан учраас энэ соёл хараахан бүрдээгүй байгаа. Дэлгүүрээс мах авахад ч бидэнд зовлон тохиолддог шүү дээ. Нэг дэлгүүрээс зөөлөн мах авлаа, маргааш нь дахиад авахаар хатуу, хөгшин малын мах тааралдана. Ийм байж болохгүй ээ. Атар талх бол атар талх л байдаг. Өндөг өндгөөрөө л байдаг. Яг түүн шиг мах махаараа л байх ёстой юм. Дэлхийн стандартад нийцэж амьдрах цаг нь болсон. Дэлхийд гаргая гэж байгаа бол ном журмаараа л явах ёстой. Тэр өөд явж буйд нь талархаад барамгүй” хэмээн сэтгэгдлээ хуваалцав. Өмнө хэлсэнчлэн, энэхүү шинэ брэнд зөвхөн хурганы мах худалдаанд гаргах бус бэлчээрийн даац, малчдын бизнес эрхлэх боломж, арьс ширийг эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг өргөн хүрээг хамрах бөгөөд 34 сая толгой хонийг хэрхэн мөнгө болгох боломжтойг иргэдэд ойлгуулах, энэ чиглэлд сургалт сурталчилгаа явуулах юм байна.
Өөрөөр хэлбэл, 34 сая толгой хонины тал нь бэлчээр тахалж буй эр хонь, тал нь эм хонь байдаг. Малчид 15 сая эм хониноос жилдээ 15 сая хурга авч, түүнийхээ талыг нь дотоодын зах зээлд хэрэглэж, үлдсэнийг нь гадаадын зах зээлд гаргалаа гэхэд тэрбум ам.долларыг жилд олох боломжтой гэдэг тооцоог “Чинээлэг малчин” төсөл монголчуудад ойлгуулах зорилго агуулжээ. Гадны зах зээлд кг хурганы мах 30 ам.доллароор зарагддаг, бид дотооддоо 3-4 жил болсон эр хонины махыг кг-ыг нь 2 ам.доллароор худалдан авч байгаа юм. Тиймээс бага малын махаа эдийн засгийн эргэлтэд оруулснаар малчдаас дэлхийн тэрбумтнууд төрж болно гэдгийг ойлгуулахыг хүсчээ. Тиймдээ ч ирэх жилүүдэд инкубатор төв ажиллуулах, малчдад сургалт сурталчилгаа хийх, өөрийн “chineelegmalchin.mn” вэб сайт, фэйсбүүкээр дамжуулан мэдээ мэдээлэл, видео контентыг тогтмол хүргэж ажиллахаар болжээ.