ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Андлалын хөшөөний мөнгөөр 250 мянган ажлын байраа хамгаалъя, Ерөнхий сайд аа

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-11-06

МҮХАҮТ-аас 2020 оны сүүл гэхэд 250 мянган ажлын байр байхгүй болж, мөн тооны иргэн ажилгүй болно гэх судалгааг цар тахал эхэлсэн даруйд л олон нийтэд танилцуулсан байдаг. Гэлээ ч Засгийн газар иргэдээ, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төрийн бодлого хэрэгжүүлнэ, хүүхдийн мөнгө нэмж олгоно, дампуурлаас айх хэрэггүй хэмээн сэнхрүүлж байлаа. Гэтэл УИХ-ын сонгууль дуусангуут л төрийн төмөр нүүрээ харуулж, аж ахуйн нэгжүүд эргээд л нийгмийн даатгал, ХХОАТ-аа 7 хувиар төлж байна. Мөн хүүхдийн мөнгөний нэмэгдлийг ч он гараад цуцлах нь ээ.

Тэгвэл хэдхэн өдрийн өмнө гаргасан Засгийн газрын шийдвэр хөл хорио хэмээн хаалгаа барьсаар хаврыг дуусгаж, арайхийн эргээд хөл дээрээ босох гэж зүтгэж байсан үйлчилгээний байгууллагуудыг нэгмөсөн дампууруулах замд нь хөтөлчихлөө. Угтаа, МҮХАҮТ-ын гаргасан тоо баримт бодитоор биелэх нь гэсэн үг.

Тодруулбал, Засгийн газраас олон нийтийг хамарсан үйл ажиллагаа буюу шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглосон шийдвэрийг гаргасан билээ. Зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг ард түмэндээ үүрэгдэв. Гэвч энэхүү шийдвэрийг нь олон мянган аж ахуйн нэгж, урлаг соёлынхон, үйлчилгээний газрууд эсэргүүцэж, сошиалд байр сууриа илэрхийлэн багагүй бухимдлаа. Тэдний бухимдлыг үгүйсгэх аргагүй. Урлагийнхан татвараа төлдөггүй хохь нь хэмээн зүхэх асуудал ч биш. Монгол Улс цар тахалтай тэмцээд бүтэн 11 сарыг үдэхэд нийтээрээ төр, засгийн шийдвэрээ дагасан, биелүүлсэн. Урлагийнхан ч гэсэн олон сар сул зогсолт хийснийг бид мартаж болохгүй. Харин улстөрчид л шийдвэрээ байсхийгээд шийдвэрээ цуцалж сонгуулиар баахан хүн цуглуулж, улстөржлөө. Гэсэн ч аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагууд Цагаан сар, Улсын баяр наадам гээд бүх л баярыг тэмдэглэхгүй өнжлөө шүү дээ. Дагаад маш олон эрсдэл гарсныг ч нуух юун. Жилдээ хэдхэн тохиох том баяраар ашиг орлого олж, бизнесээ өргөжүүлж байсан олон мянган хүний амьдралын баталгаа алга болов.

Бүтэн жил шахуу алдагдалтай ажилласан аж ахуйн нэгжүүд, өнөөг хүртэл нэг ч хүнийг ажлаас нь чөлөөлөлгүй зүтгэж байна. Шинэ жил тэмдэглэхгүй гэсэн шийдвэрийн дараа харин хэр удаан тэсэх бол. Худалдаа, борлуулалтын үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс ч ажлын шаардлагатай горимд шилжээд үг дуугүй зүтгэж байгаа нь үнэн биз дээ.

Хаалгаа барьсан ч эрүүл байгаадаа баярлаж, гомдоллохгүй суугаа. Гэхдээ одоо л дуугарч, байр сууриа илэрхийлж байгааг нь буруутгаж болохгүй биз дээ. Сонгууль хийх болохоор тархдаггүй цар тахал биш биз дээ. Аль эсвэл коронавирус сонгууль, шагнал, шөнийн цэнгээний газруудад гардаггүй гэдгийг шинжлэх ухаанаар тогтоочихсон юм уу. Яагаад төрийн шийдвэр хүнээ, аж ахуйн нэгжээ, албан байгууллагаа бодохгүй байна вэ гэдгийг л хөндөөд байгаа юм. Албан байгууллагын шинэ жилийн цаана ганцхан дуучид биш тахиаг нь зардаг худалдагч, ногоог нь өгдөг тариаланч, уух ус ундаа, архийг нь зардаг үйлдвэр, үсийг нь засдаг үсчин, хувцас борлуулдаг наймаачид, тэр байгууллагад ажиллаж буй зөөгч, тогооч гээд маш олон хүний авдаг цалингийн асуудал яригдана. Үүнийг ганцхан урлагийнхан ажилгүй болчихлоо, хохь нь гэсэн явцуу өнцгөөр харж болмооргүй байгаа биз.

Төрөөс гарсан бүх шийдвэрийг мөрдөж явсныхаа төлөө хохирдог байж болохгүй. Нийгэмдээ, хүндээ ээлтэй олигтой шийдвэр байхгүйг нь л гайхаж байна, ард түмэн. Шинэ жил гэсэн нүсэр баяр боловч олон хүн амьжиргаагаа залгуулдаг бизнесийн боломж нь нээгддэг үе. Худалдаа, үйлчилгээ, үзвэр, хоол хүнс, бараа бүтээгдэхүүн, урлаг соёл гээд  бүх төрлийн ханган нийлүүлэлт хийгдэж, тэр хэрээр  үйл ажиллагаа нь сэргэж, алдагдлаа нөхөх жаахан боломж гарна. Бүх аж ахуйн нэгж, хөдөлгөөнд орж, зах зээлд мөнгөний урсгал тэр хэрээр нэмэгддэг. Шинэ жилийн баяраар сул зогсоод, гараа хөдлөлгүй суудаг ганц ч газар байхгүй. Түүнийг нь хориглолоо гэх ганцхан шийдвэрээр хааж болохгүй билээ. Үүнийг эсэргүүцсэн, байр сууриа илэрхийлсэн хэсэг бүлгээ ч адлаад байж болохгүй.  Ядаж л аж ахуйн нэгж, албан байгууллага, үйлчилгээний газруудыг дэмжих бодлогыг гаргасны дараа хориглох ёстой байв.

Гэтэл өөрсдөө учраа ол хэмээн хатуурхаж болмооргүй. Ингэж бичлээ гээд шинэ жил хийе хэмээн уриалах гэсэнгүй. Цар тахлыг хэзээ мөдгүй дотооддоо алдах эрсдэл өндөр учраас аль болох гэртээ байх нь маш зөв. Төрийн шийдвэрээ хаа, хаанаа хүндэтгэж байгаа. Гэхдээ цар тахлын дараагаас л гэртээ сууж буй, энэхүү шийдвэрийн дараа бүрмөсөн ажилгүй суух олон  мянган хүний ажлын байрыг хамгаалах дорвитой шийдвэр гаргаж өгөөч, Ерөнхий сайд аа.

Тухайлбал, цар тахалтай энэ цагт шаардлагагүй бүтээн байгуулалтыг царцаах боломж бий. Аялал жуулчлал хэвийн байдлаар үргэлжлэх хүртэл багадаа л жил гаруйн хугацаа байна. Тиймээс Хэнтийд баригдах бүтээн байгуулалтад зарцуулах 125 тэрбумаа яагаад хэмнэж болохгүй гэж. Хөгжлийн бус хэрэглээний төсвийг ганцхан жил батлаж, аж ахуйн нэгж, иргэдээ хамгаалсан төсвийн бодлого хэрэгжүүлье л дээ. Үүдээ барьж буй үйлчилгээний байгууллагын ажилчдыг дэмжье. ХХОАТ, НДШ-ээ бүрэн төлж чадахгүй байгаа хувийн хэвшлийг дэмжих бодлогоо үргэлжлүүлье. Сургууль цэцэрлэгийн дээвэр засвар, будаг, сум, сургуулийн ой, сумын хаалга гэсэн үргүй зардлаа тэвчиж, үйлчилгээний байгууллагаа аварч үлдэж болохгүй юу. Андын хөшөөнөөс илүү Монгол Улсад ажлын байр хэрэгтэй байгааг анхаарч үзнэ үү, баярлалаа.