Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн талаар Монголбанкнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Б.Лхагвасүрэн: Шинээр орон сууц худалдан авах хүмүүс зургаан хувийн хөтөлбөрт хамрагдана
/Монголбанкны Ерөнхийлөгч/
-Энэ сарын 5-нд УИХ-ны нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийг баталлаа. Ирэх оны үндсэн чиглэлийг Монголбанк хоёр бүлэгтэй бэлдсэн. Нэгддүгээрт, Монголбанк, Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороо болон бусад төрийн байгууллагууд хамтарч ажиллах арга хэмжээний төслөө өргөн барьсан. Нийтдээ долоон арга хэмжээг хамтарч хэрэгжүүлэхээр болсон байгаа. Хоёрдугаарт, жил бүр Монголбанкнаас хэрэгжүүлдэг санхүүгийн зах зээлийн макро эдийн засгийг бэхжүүлэх хүрээнд хийх арга хэмжээний төлөвлөгөөний заалтыг оруулж өгдөг. Нийтдээ гурван бүлгээс бүрддэг байгаа. Түүнчлэн төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлд нийтдээ найман заалт орсон байгаа юм. Тухайлбал, 2021 оноос Мөнгө угаах тероризмтэй тэмцэх байгууллагын (ФАТФ) зөвлөмжид нийцүүлэн үндэсний хөтөлбөрийг төрийн бусад байгууллагатай хамтран гаргах, Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, Зээлийн хүүг бууруулахтай холбоотой хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх заалт /чанаргүй зээлийн хувь хэмжээг бууруулахад тохирох арга хэмжээ авах, зээлийн маргааныг богино хугацаанд шийдвэрлэх эрх зүйн орчныг сайжруулах зэрэг зорилготой. Банкуудын эрсдэлийн сан байгуулах зардлыг бууруулах нь зээлийн хүү буурахад нөлөөлнө. Хууль эрх зүйн орчны шинэчлэлт, өөрчлөлтийг давхар эхлүүлж байгаа. Банк санхүүгийн салбарт бүтээгдэхүүн үйлчилгээг цахим болгохыг дэмжих заалтыг шинээр тусгаж байна. Мөн ипотекийн хөтөлбөрийг Монголбанк шинээр эхлүүлсэн. Энэ хүрээнд 2021 онд тогтвортой чиглэлд явуулж, олон улсын жишигт нийцүүлэх, Үндэсний ипотекийн агентлагтай байх болон хууль эрх зүйн орчныг бий болгоно. 140 гаруй орон ипотекийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг юм байна. Эдгээр сайн жишгийг нэвтрүүлнэ. УИХ-ын гишүүдийн зүгээс цар тахалтай холбоотой эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах, хүндрэлийг багасгах зорилгоор экспортод чиглэсэн ЖДҮ-ийн газруудыг хөгжүүлэх санал гаргасан. Тухайлбал, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүдийг боловсруулах үйлдвэр бий болгох, эдийн засгийг идэвхжүүлэхэд зориулж Төв банк, Засгийн газраас төсөв мөнгөний бодлогоор дэмжих арга хэмжээ зохион байгуулах шаардлагатай гэх санал гаргаж, хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний заалтад шинээр оруулсан. Мөн ипотекийн хөтөлбөрийг санхүүжүүлээд авч явах төрийн институт байхгүй учраас Төв банкны зүгээс оролцоод явж байна. 2013 оноос хойш Төв банк 2.8 их наяд төгрөгийг ипотекийн санхүүжилтэд гаргасан. Энэ санхүүжилтийг буцааж олж авах ёстой. Нийгэм, эдийн засаг талаасаа үр өгөөжтэй яваа энэ хөтөлбөрийг зогсоохгүйгээр шилжүүлж авах институтийг бий болтол хөтөлбөрөө үргэлжлүүлье гэж бодож байгаа. Цаашид найман хувиар дахиж, ипотекийн зээл гарахгүй. Шинээр орон сууц худалдан авах хүмүүс зургаан хувийн хөтөлбөрт хамрагдана.