Засгийн газрын ээлжит хуралдаанаар дэлхий дахинаа тархаж буй цар тахал, дотоодод үүсээд буй нөхцөл байдалд хариу арга хэмжээ авах тухай 23 шийдвэр гаргаснаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулж байна. Танилцуулсан 23 шийдвэр олон хүнийг баярлуулан гомдоочихов. Учир нь өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ард иргэдэд нэн шаардлагатай чухал шийдвэр гарах байх гэсэн олон нийтийн хүлээлт талаар болж, иргэд ч соошл орчинд бухимдлаа илэрхийлж байна.
Өөрөөр хэлбэл баталсан 23 шийдвэрийн цаана хувийн байгууллага, тэнд ажиллаж буй иргэд, хоногийн хоолоо нэг өдрийн орлогоороо залгуулж буй жирийн ард иргэдэд ээлтэй шийдвэр байсангүй. Ипотек, Банк, ББСБ, Хадгаламж зээлийн хоршооноос иргэдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийг төлбөрийн дарамт үүсгэхгүйгээр хугацааг сунгах, хүүхдийн мөнгийг ирэх оны долдугаар сарын 1-ний өдөр хүртэл 100 мянгаар олгох гэсэн иргэдийн амьдралд ойрхон цөөхөн шийдвэр багтжээ. Бусад нь манай улсаар нэвтэрч буй шуудан илгээмжийг халдваргүйжүүлэх, импортоор орж орж ирж буй эм хэрэгсэл, оношлуурыг татвараас чөлөөлөх тухай хуулийг сурталчилах, зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг идэвхжүүлэх гэх мэт хэлтэс, агентлагийн өглөөний хуралд яригддаг ядмагхан асуудлыг бүхэл бүтэн Монгол Улсын Засгийн газраараа хэлэлцэж баталсан байх юм. Гэтэл яг одоо ч гэсэн гэртээ ажилгүй байгаа хувийн хэвшлийнхэнд өмнөх шиг НДШ, татварын хөнгөлөлт амьдралд нь хэрэгтэй байв.
Цар тахал гараагүй байхад бүтэн найман сар бэлэн байдалд хэмээн хэдэн зуун аж ахуйн нэгжийн хаалгыг бариулсан атлаа өвчлөл гарчихсан цаг үед тэд бэлэн байдлаа хангаагүй байснаа энэ хурлаар харуулав. “Монгол Улс төдийгүй, дэлхий дахин эдийн засгийн хямралд өртсөн” гэж хаяагаа манах Засгийн газраас дорвитой шийдвэрийг хүлээж байсан нь сэтгүүлчдийн асуултаас тодорхой байлаа. Гэсэн ч бүх сайд нар бөөрөнхий, хаяагаа манасан, зовлон тоочсон, өмнө явж байсан халамжаараа далайлгасан ерөнхий хариулт өгөөд бултчихлаа.. 2021 оны төсөвт суулгасан барилга, байшин, тендерийн зардлыг нэг жил тэвчиж санхүүжилтийг нь иргэдэд ухаалгаар зарцуулах боломж байгаа ч тэд хүссэнгүй. Нөхцөл байдал хүндэрвэл хоногийн хоолоо болгоод явах айл өрх манай улсад тун цөөн учраас олон хүн амжиргаагаа залгуулж чадахгүйд хүрнэ гэдгийг тэд тооцоолохыг хүсэхгүй гэдэг нь харагдлаа.
Хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгож, ирэх жилийн долдугаар сар хүртэл олгох тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр ам нээх бүртээ дурдлаа. Гэвч ажилгүй, орлогогүй хувийн хэвшлийнхэн дунд бага насны хүүхэдгүй олон оюутантай, хувийн бизнес нь зогссон олон айл өрх бий. Ийм хүмүүсийг хэрхэн дэмжих нь ч тодорхойгүй байх юм.
2018 онд манай улсын ядуурлын түвшин 28.4 хувьтай буюу 3 хүн тутмын 1 нь ядуу байгааг судалгаагаар гаргасан талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа энэ үеэр хэллээ.
Цар тахлын үед энэ байдлаараа байвал ядуурлын хувь, хэмжээ нэмэгдэхгүй гэх баталгаагүй. Тиймээс Засгийн газар шийдвэрээ эргэн харж, гарт баригдаж, нүдэнд харагдах шийдвэр гаргаасай гэж хүсч байгаа иргэдийн хүлээлтийг онцлон сануулахыг хүсэж байна.