Хөвсгөл аймгийн Шуурхай штабаас өнөөдөр /2020.11.19/ мэдээлэл хийлээ.
Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр:
-Говьсүмбэр аймагт Covid-19-ийн халдвар авсан нэг хүний ойрын хавьтал болсон иргэн Хөвсгөл аймагт хөдөлгөөнд оролцсон байна. Одоо Ханх суманд очсон байгаа. Энэ хүн сайн дурын үндсэн дээр шинжилгээ өгсөн байсан. Өчигдөр шөнө бид хавьтал болсон иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн. Түргэвчилсэн оношлуураар өнгөрсөн шөнө шинжилгээ хийхэд сөрөг гарсан. Баталгаажуулсан хариуг гаргахын тулд ХӨСҮТ-рүү сорьцыг тээвэрлэсэн. Хөвсгөл аймагт хөл хориог чангатгаж, хяналт тавина. Ажиглалтад байгаа иргэд гэрийн ажиглалтад хэрхэн байгаа эсэхэд хяналт тавьж ажиллана. Шинжилгээний хариу өнөө орой Улаанбаатарт хүрэх учраас аймагт ойрын 2-3 хоног хөл хориог чангатгана. Маргааш, нөгөөдрөөс шинжилгээний хариу гарах байх. Шуурхай штабаас Тариалан суманд байгаа постод ажиллахад Мөрөн рүү орж ирж бүртггэгдээгүй зорчих хөдөлгөөнд хяналт тавьж, урьдчилсан шинжилгээ авах цэг байгуулж ажиллаж байна.
Тухайн иргэн Говьсүмбэр аймагт бүртгэгдсэн иргэний ойрын хавьтал болсон. Гэхдээ Говьсүмбэр аймгийн халдвар авсан иргэн арваннэгдүгээр сарын 7-ноос өмнө юм уу хойно халдвар авсан эсэх нь тодорхойгүй байгаа. Магадгүй энэ сарын 7-ноос өмнө халдвар авсан бол Хөвсгөл аймгийн иргэн халдвар авсны дараа уулзсан байх магадлалтай. Хөвсгөл аймаг руу нийтийн тээврээр ирж, Ханх суманд тодорхой хүмүүстэй хавьталд орсон. Бид нийт хавьтагчдыг тогтоохоор ажиллаж байна. Нэгдүгээр хавьтлуудаас шинжилгээ авсан. Бид түргэвчилсэн оношлуурын тоог нэмэгдүүлэх хүсэлтээ холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Хөвсгөл аймаг руу хүндэтгэх шалтгаанаар орж ирэх хүсэлтэй иргэд Улаанбаатарт сайн дурын шинжилгээ өгөхийг хүсье.
Аймгийн Цагдаагийн газрын дарга н.Дашням:
-Улс даяар бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Үүний дагуу Хөвсгөл аймаг болон Мөрөн суманд тээврийн хэрэгсэл, явган зорчигчдын хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа. Цэрэг, цагдаагийн газрын жижүүр, Шуурхай штаб иргэдийн санал хүсэлтийн дагуу хариу өгч ажиллаж байна. Цагдаагийн газраас 79 иргэнд хуулийн дагуу хөл хорионы дэглэм зөрчсөн гэж хариуцлага тооцсон. Замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн 15 хувьд тусгай зөвшөөрөл олгож байгаа. Одоогийн байдлаар 32 пост дээр 86 төрийн албан хаагч ажиллаж байна. Цаашид нөхцөл байдал хүндэрвэл постын тоог нэмж, 100 орчим постыг гаргахаар төлөвлөсөн. Аймаг дотроо зорчих хүсэлтийг судалж, зөвшөөрлийг нь тодорхой хязгаартайгаар олгоно.
Өнөө өглөө аймгийн Шуурхай штаб хуралдаж, Ханх, Хатгал, Бүрэнтогтох сум чиглэлийн гарах хөдөлгөөнд тэг зогсолт хийлээ. Тиймээс энэ чиглэлд ажиллаж, амьдарч байгаа иргэд Аймгийн онцгой комиссоос шийдвэр гартал хүлээцтэй хандана уу” гэдгийг онцлон хэллээ.