Өчигдөр /2020.12.07/ орой 22.00 цагийн үед 22-ын товчоон дээр Архангай аймгаас ирсэн иргэн эмнэлгийн тусламж авч чадахгүй байсаар нас барсан байна. Тодруулбал, тус иргэний бие нь муудсан учир Улаанбаатар хот руу иржээ. Халдвар гарсан аймгуудаас ирж буй иргэдэд PCR шинжилгээ хийж, хариу гарсны дараа Улаанбаатар руу нэвтрүүлж буй.
Тиймээс Улаанбаатар хот руу оруулаагүй байна. Улмаар тус иргэний бие нь муудаж, түргэн тусламж дуудахад эхний удаа ирээгүй. Харин хоёрдахь удаагаа буюу орой ирж үзээд “Үхэх өвчин биш байна” гэж хэлээд явсан хэмээн эх сурвалжууд мэдээллээ. Үүний дараа өглөөний 07.00 цагт дахин түргэн дуудахад эмч ирж үзээд, удалгүй тус иргэн нас баржээ.
Талийгаачийн ойрын хамаатны хэлж буйгаар “Замдаа бие нь нэлээн муу байсан. Өчигдөр 22-ын товчоон дээр ирж, эмнэлгийн тусламж авч чадахгүй байсаар нас барлаа. Бидэнд нас барсан тухай холбогдох албаны хүмүүс ерөөсөө мэдэгдээгүй. Харин хамт явж байсан хүн нь мэдээлсэн. Талийгаачийн ганц хүү нь Сэлэнгэ аймагт байдаг. Одоо тус аймгаас гарах гэтэл заавал нас барсан хүний гэрчилгээг шалгаж явуулна гээд гаргахгүй байна" гэлээ.
Энэ талаар ЭМЯ-ны 11.00 цагийн мэдээллийн үеэр “Live tv”-н сэтгүүлч тодруулж асуусан. Харин ЭМЯ “Тодорхой мэдээллийг бид аваагүй байна. Архангай аймагтай холбогдсоны дараа мэдээллийг өгье” гэсэн юм.