Эрчим хүчний яамнаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр салбарын сайд Н.Тавинбэх "Жилд дунджаар цахилгаан эрчим хүчний хэрэглээ өмнөх оны мөн үеэс 5-6 хувиар өсөж байна. Засгийн газрын тогтоол гарахаас өмнө бид маш сайн судалгаа хийсэн. Хэрэглээ нэмэгдэнэ гэдгийг тооцсон ч төсөөлснөөс хоёр дахин нэмэгдсэн. Тиймээс 17-21 цагийн хооронд зүй бус, зохиомол хэрэглээгээ хязгаарлаач, хэмнээч гэж ард түмэн, аж ахуйн нэгж, албан байгууллагаасаа хүсэж байна. Цахилгааны эх үүсвэрийг нэмэгдүүлэх, шаардлагатай ажлыг үе шаттай хийж байна. Тухайлбал, баруун бүсийн хэрэглэгчдийг сэргээгдэх эрчим хүчээр хангах Эрдэнэбүрэнгийн станцын бүтээн байгуулалт удахгүй эхлэх гэж байна. Дэлхийн улс орнууд дутагдаж байгаа эрчим хүчийг авах, найдвартай байдлыг хангах зорилгоор эрчим хүч импортолдог. Манай улс эрчим хүчээ ОХУ-аас авдаг. Цахилгааны дундаж хэрэглээг гаргахад асуудал бий. Гэхдээ бид хэрэглэгчтэй зөвшилцөж гаргана. Гэр хорооллын хэрэглэгчид 35.0-75.0 мянган төгрөгний өртөг бүхий эрчим хүч хэрэглэж байна. Оргил ачааллын үед хэрэглээ буурч, өмнөх горимтой ойролцоо түвшинд очсон учир иргэдэд талархаж байна. Хүнд нөхцөлд цахилгааны үнийг нэмэхгүйг эрмэлзэж байна” гэв.