Өнгөрөгч баасан гарагт зам тээврийн салбарын мэргэжлийн боловсон хүчнээс бүрдсэн Зам тээврийн зөвлөл мэдээлэл хийж шатахууны үнийг бууруулахыг шаардсан билээ. Улмаар өнөөдөр 12.30 цаг болон 18:30 цагуудад нэг минутын турш машины дуут дохиог төв зам дагуу, Төрийн ордоны хажуугийн замд дуугаргаж, шатахууны нэмэгдэлд тодорхой арга хэмжээ авахын төлөө нэгдэхийг иргэдэд уриалсан.
Тэгвэл НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхбат өнөөдөр 12.30 цагт эсэргүүцэл зарласан иргэд дуут дохиогоо дуугаргаж тэмцэл илэрхийлэх үеэр лайв бичлэг хийж иргэдийг тэмцэлд нэгдэхийг уриалав. Тэрбээр, “Шатахууны үнэ дахиад ч нэмэгдэх нь. Намар наймдугаар сард нэмнэ. Бид төр засгийг анхаарлаа хандуулах ёстой гэж үзсэн.
Жолооч нараа нэг минут сигналдаарай. Төр засаг шатахуун импортлогчидтой үгсэн хуйвалдаж ард түмнийг дарамталж байна. Баяр болгоноор нэмдэг. Ийм зүйл байж болохгүй. Импортлогч компаниудын эсрэг тэмцэх ёстой. Өнөөдөр бид 18.30 цагт дахиад дуут дохиогоо дуугаргаж эсэргүүцлээ илэрхийлнэ. Наадмаас өмнө, наадмын дараа ч тэмцсээр байх болно” хэмээсэн юм. Зам тээврийн бодлогын зөвлөл Монгол Улсын Засгийн газар болон эрх баригч МАН-д дараах шаардлагыг хүргүүлсэн билээ. Тухайлбал,
- 21 аймаг есөн дүүрэгт байрлах шатахуун түгээх станцуудаар түгээгдэж буй бүх төрлийн бензин, дизель шатахууны үнийг хямдруулахыг шаардаж байна.
- Эрх баригч намын 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Шатахууны үнийг дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулан бууруулахын зэрэгцээ улсын хэмжээнд ижил үнэтэй болгоно...” гэсэн амлалтаа биелүүлэхийг шаардсан юм.