Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Б.Алтанзул нь “Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатар болон бусад албаны хүмүүстэй уулзаж, шинээр барьж байгуулахаар ажиллаж байгаа Нүүрс баяжуулах үйлдвэр /НБҮ/-ийн явцын талаар ярилцаж санал солилцлоо.
Өнөөдрийн байдлаар Нүүрс баяжуулах үйлдвэр /НБҮ/ байгуулах техник, эдийн засгийн үндэслэл/ ТЭЗҮ/-ээ боловсруулж дуусаад байгаа бөгөөд, үйлдвэр ашиглалтад орсноор түлшний шаталтаас ялгарах хүхэрлэг хий (SO2)-г бууруулах, эрчим хүчний баяжуулсан нүүрсэнд агуулагдах хүхэрийн хэмжээг бууруулах өндөр ач холбогдолтой юм.
Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор ОББҮХ-оос шинээр барьж байгуулах үйлдвэрийн санхүүжилтэд дэмжлэг үзүүлнэ. Тавантолгойн уурхайн түүхий нүүрсийг цэвэршүүлэх технологийг нэвтрүүлэн ажилласнаар нүүрсэд агуулагдах хүхрийн хэмжээг 0,85 хувь, үнслэгийн хэмжээг 18 хувь хүртэл тус тус бууруулахаар тооцоолж, энэ онд багтааж ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Дашрамд мэдээлэхэд, "Тавантолгой түлш" ХХК нь Тавантолгойн орд газрыг түшиглэн, өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан, нэмүү өртөг шингэсэн коксжих чанартай нүүрсний үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа тэлэх зорилт тавин ажиллаж байна.