ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ардкойн “АРД ТҮМНИЙГ” луйвардах уу, эсвэл...

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-03-05

Олон нийтийн анхаарлыг татаад буй блокчэйнд суурилан хийсэн “Ард” санхүүгийн нэгдлээс гаргаж байгаа “Ардкойн” хэр бодитой вэ? гэх асуулт ойрын үед олон нийтийн анхаарлыг татаж байгаа. Санхүүгийн зохицуулах хорооноос энэ талаар мэдээлэл гаргасан ч “Аппрентис” шоуны дараа “Ардкойн” хайсан иргэд “Койн худалдаж авна” гэх зарыг олноор оруулах болов. Тэд иргэдийг хууран мэхэлж, хялбараар мөнгө олж байна уу эсвэл Ч.Ганхуягийн хэлснээр аваад дарснаараа монголчууд бүгд хөрөнгө оруулагч цахим үндэстэн болох боломжтой юу, эсвэл...

Нэн тэргүүнд койн гэж юу гэдэг ойлголтыг өгөх нь зөв. Өөрөөр хэлбэл,  койн  гэдэг нь цахим худалдаа бөгөөд биет бус мөнгө гэж энгийн үгээр тайлбарлаж байгаа. Энэ нь зах зээлд шинээр бий болсон цахим мөнгөний талаарх ойлголт  бөгөөд  дэлхийн өнцөг булан бүрт өнөөг хүртэл маргаан дагуулсаар. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооноос анхааруулга гаргаж, “Сүүлийн үед зарим нэр бүхий санхүүгийн компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтыг нэмэгдүүлэх, харилцагчдаа хямдруулалтын боломж олгох зорилготой гаргасан урамшууллын оноо нь зохицуулалтын бус арилжааны хэрэгсэл буюу койн, криптовалют болж, тухайн урамшууллыг гаргасан компанийн хөрөнгө, хувьцаа хэлбэрээр баталгаажиж байгаа гэх мэдээллийг олон нийтэд түгээж байгаа нь буруу ташаа ойлголтыг төрүүлж болзошгүй” хэмээлээ.

Өөрөөр хэлбэл, тухайн урамшууллын оноо /койн, криптовалют/-г дижитал бирж, дижитал банк гэх арилжааны системээр дамжуулж худалдах, худалдан авах боломжтой ба ирээдүйд үнэ цэн өснө гэх зэргээр олон нийтийн санхүүгийн мэдлэг дутмаг байдлыг ашиглаж, эрэлтийг бий болгох нь эргээд эд хөрөнгийн хохирол учруулахуйц нөхцөл байдлыг бий болгох эрсдэлтэй гэсэн сануулгыг өгсөн юм. Нөгөөтээгүүр, цахим мөнгө нэртэй луйвар байж болох уу гэх асуултыг ч олон хүн сошиал орчинд сануулсан ч шоуны дараа үнийн хөөсрөл бий болж, нэгж үнэ нь 350 төгрөгт хүрэв. Өөрөөр хэлбэл, “Ард” санхүүгийн нэгдлээс үйлчилгээ авч байсан иргэн 3000 ардкойнтой байлаа гэхэд тэр нь шоуны дараах үнэлгээгээр 1.050.000 төгрөгөөр үнэлэгдэж байсан учраас хэт хөөсрөл бий болсон гэсэн үг.

Монгол Улс цар тахалтай тэмцэж, иргэд, аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн хямралд орсон. Тиймээс амраар мөнгө олох гэсэн иргэд, хамаг байгаа мөнгөөрөө койн худалдан авч буй юм. Аж ахуйн нэгжүүд дампуурлаа зарлаж, олон мянган хүн ажлын байргүй болж байгаа энэ цаг үед “Ард”-ын хийж буй ажил нэг хэсгийг нь хязгааргүй баяжуулж, нөгөө хэсэг бүлгийг юу ч байхгүй үлдээх эрсдэл рүү түлхэх вий гэсэн болгоомжлол байгааг ч нуух юун. Гэхдээ иргэн та хадгалсан мөнгөө хэн нэгний ам мэх, гоё сурталчилгаа, дэглэсэн тавилттай нэвтрүүлгийн дараа цахим болгож хувиргах уу гэдгээ бодох л асуудал билээ.

Хүн бүхэнд санхүү, мөнгөний хэрэгцээ үүссэн цаг үед сүлжээний бараа бүтээгдэхүүн, луйвар хамгийн их гардаг. Өөрөөр хэлбэл, нийгмийн хамгийн эмзэг үед санхүүгийн луйвар, сүлжээний бизнес хоёр ихээр гардаг нь худлаа биш. Түүгээр ч зогсохгүй асар их хохирол, эрсдэлийг давхар дагуулдаг билээ. Үүний хамгийн ойрын жишээ бол “Жи-Тайм”. Тиймээс “Ард” санхүүгийн нэгдлээс санал болгож буй “Аваад дар” үйлчилгээг сонгохыг хүсэж буй бол эхлээд койн гэж юу болохоо маш сайн судлах ёстойг уншигч танд сануулъя. Одоогийн байдлаар 1,000,000 дээш ардкойнтой 180, 100,000 дээш ардкойнтой 822 эзэмшигч  байгаа гэх. Өөрөөр хэлбэл, “Ардкойн” гэж юу вэ гэдэг зөв ойлголтоос илүү  “Аваад дар. Өнөөдрийн хөрөнгө оруулалт хэдэн жилийн дараа гэхэд төд болно. Дэлхийн хаанаас ч ашиглах боломжтой. Хил хязгааргүй” гэх зэргээр сурталчилгааг нухацтай судалж, нарийн мэдээлэл авсны дараа сонголтоо хийх нь уншигч таны ухамсрын асуудал. Ам дамжсан яриа таныг амжилтад хөтлөхгүй гэдгийг ойлгож эрсдэлээс хэрхэн сэргийлэх, 2021 он гарсаар нэмэгдсээр байсан үнийн хөөсрөл хэзээ буух, буусны дараа өөрт ирэх эрсдэлээ тооцож үзнэ гэж найдъя. Монголд өнөөдрийн байдлаар Хөрөнгийн зах зээл тултал хөгжөөгүйг ч мөн санаарай. Эрсдэл, хохирол учирвал манайх барагдуулна гэсэн амлалт нэг ч байхгүй учраас иргэн та л энэ сонголтыг нухацтай хийх учиртай юм. Учир нь Ч.Ганхуягийн уриалгаар “Аваад дар” хэмээж байгаа нь хэн нэгнээс битгий худалдаж ав, хэн нэгэнд битгий худалд, гагцхүү манайхаас худалдаж авснаа дарчих. Дараа нь бид ашигтай болгоод өгнө гэсэн уриалга учраас цахим орчинд буй зарлал, хэн нэгний ам дамжсан яриагаар сонголт хийж болохгүйг энд зориуд сануулъя.