Олон нийтийн сүлжээнд Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын спорт заал нурсан асуудал олон нийтийг нэлээд бухимдуулж байгаа билээ. Тэр дундаа барилгыг барихдаа стандартын дагуу хийгээгүй, мэргэжлийн хүмүүсээр бариулаагүй. Мөн газар зүйн судалгаа хийгээгүй зэрэг алдаанаас болсон байж магадгүй гэж мэргэжлийнхэн үзэж байгаа аж. Энэхүү барилгыг 2011 онд Хөвсгөл аймгийн харьяат “Уул-Өвгөд” ХХКбарьж, гүйцэтгэсэн бөгөөд, тендерт шалгарч, энэхүү ажлыг хийжээ.
..Түүнчлэн тус компани 2019 онд Хөвсгөл аймгийн цэцэрлэг суманд 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг барьж, гүйцэтгэсэн бөгөөд нийт өртөг нь 400 гаруй сая төгрөг болжээ. Иргэдийн зүгээс нутгийн өмчит компани танил талаа ашиглаж, тендерт ялдаг. Хямд өртөгтэй барилгын материал ашиглаж, барьсан. Төсвийн мөнгийг үргүй зарж байгаа, чанаргүй барилга барьдаг тус компанид хариуцлага тооцох асуудлыг хүртэл хөндсөн байна. Мөн тус компанийн барьсан цэцэрлэгийн барилгад хүртэл итгэхгүй байгаа бөгөөд нэг өдөр нурах вий дээ гэх айдастай байна гэлээ. Энэ талаар Чандмань-Өндөр сумын Засаг дарга Л.Энхжаргал болон “Уул-Өвгөд” ХХК-ийн захирал Б.Цогзолмаа нараас тодрууллаа.
Л.ЭНХЖАРГАЛ:2019 оноос эхлэн СПОРТ заал нурж эхэлсэн
/ЧАНДМАНЬ –ӨНДӨР сумын Засаг дарга/
-Миний хувьд ажлаа хүлээж аваад удаагүй байна. 2019 оноос эхлэн СПОРТ заал нурж эхэлсэн байдаг. Тухайн үед тус барилгыг барьсан компани ирж хараагүй, ажиллаагүй. Холбогдох байгууллагаас тус компанид мэдэгдэл хүргүүлсэн. Мөн үе үеийн Засаг дарга нар шаардлага тавьж ирсэн юм билээ. Бүхэл бүтэн хоёр жилийн хугацаанд засвар хийх боломжтой байсан. Маш их цаг алдсан. Одоогоор яаралтай засварлах хэрэгтэй. Мэдээж засвар үйлчилгээний зардлыг “Уул-Өвгөд” ХХК нь өөрсдөө гаргах ёстой. Нутгийн иргэдийн зүгээс маш их бухимдалтай бас гомдолтой байна.
Б.ЦОГЗОЛМАА:Хүмүүсийн ур чадвар, барилгын материалтай холбоотой
/“Уул-Өвгөд” ХХК-ийн захирал/
-Манай компанийн барьсан барилга мөн. Гэхдээ 2011 онд тендерт орж, эхний 50 сая төгрөгөөр суурийг нь тавьсан. Түүнээс хойш 2011, 2012, 2013 оны долдугаар сард ашиглалтад ХҮЛЭЭЛГЭЖ өгсөн.Тухайн үеийн Засаг дарга нь зааж өгсөн газарт барьсан. Ямар нэгэн геологийн судалгаа хийгээгүй газар. Тэр үед тендерт оролцох компани байхгүй болоод, манайх авсан. Чандмань-Өндөр сум нь өөрөө хөрсний нурангатай, цэвдэг ихтэй нутаг. 2020 оны сүүлчээр манайд холбогдох газруудаас МЭДЭГДЭЛ ирсэн. Тэгээд энэ оны дөрөвдүгээр сард засаж, янзлах байсан. Гэвч тэрнээс өмнө ийм зүйл болчихлоо. Энэ бол манай компанийн анхны барилга. Тухайн үед түр барилгачин авч ажиллуулсан. Миний зүгээс хяналтаа сул тавьсан алдаагаа хүлээн зөвшөөрч байна. Түүнчлэн хүмүүсийн ур чадвар, барилгын материалтай холбоотой.