ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд МУИС-ийн дэргэдэх гарааны компанитай хамтарна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-03-18

Аялал жуулчлалын хөгжлийн төв (ТӨҮГ), Монгол Улсын Их Сургуулийн дэргэдэх “ГАРААНЫ ДИЖИТАЛ СОЛЮШНС” ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичигт өнөөдөр  гарын үсэг зурлаа. Монгол Улсыг дэлхий дахинд сурталчлах хүрээнд аялал жуулчлалын салбарын цахим шинэчлэлийг ийнхүү эхлүүлж байна. Талууд дараах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Ингэснээр  Монгол Улсыг олон улсад сурталчлах зорилгоор аялал жуулчлалын салбарын цахим шинэчлэлийг эхлүүлэх, “Жуулчны мэдээллийн төв”-ийг зорин ирж буй гадаад, дотоодын аялагчдад Монгол Улсыг виртуал орчинд сурталчлах боломжийг бүрдүүлэх,  Орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн дижитал контент бий болгох,  Аялал жуулчлалын салбарт цахим мэдээллийн платформыг нэвтрүүлэх,  Виртуал аялал жуулчлалыг нэвтрүүлэх, түүнд зориулсан өгөгдлийн сан, програм хангамжийг бий болгоход чиглэх аж. Хамтын ажиллагааг эхлүүлснээр аялал жуулчлалын салбарын хөгжлийг технологийн дэвшилтэй уялдуулах, аялагчдын зорин очих газрыг дижитал хэлбэрээр сурталчлах боломж бүрдэнэ.

 

Виртуал орчинд аялах, цахим аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг бүрдүүлэхээр “ГАРААНЫ ДИЖИТАЛ СОЛЮШНС” ХХК зорин ажиллаж байгаа юм. Тус компани зургаан жилийн өмнөөс судалгааны ажлаа эхлүүлсэн бөгөөд орчин үеийн VR төхөөрөмжийг ашиглан Монгол Улсын 21 аймгийн өв соёл, түүх, байгалийн үзэсгэлэнт газруудыг илэрхийлсэн дижитал контент бүтээхээр ажиллаж байгаа аж. Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудалд байрлах "Жуулчны мэдээллийн төв" нь ирэх 7 дугаар сард ашиглалтад орох бөгөөд зорин ирэх аялагчдад VR төхөөрөмжөөр дамжуулан дижитал контентын үйлчилгээг санал болгох юм байна. 

 

С.Бат-Эрдэнэ: Дижитал аялал жуулчлалыг Монголд хөгжүүлнэ 

/ АЖХТ ТӨҮГ-ын захирал/

-БОАЖЯ-ны харьяа Аялал жуулчлалын төв нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу жуулчдын тоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарыг солонгоруулахаар тодорхой бодитой чиглэлийн дагуу ажиллаж байгаа байгууллага. Энэ хүрээнд дижитал аялал жуулчлалыг Монголд хөгжүүлэхээр хамгийн анхны санамж бичгийг байгуулах гэж байна. Бид энэхүү ажилд БНСУ-ын баг хамт олонтой нийлээд, музей байгуулах юм. Мөн МУИС-ийн эрдэмтэн багш нар, үндэсний компаниудтай  хамтран оролцож байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд аялал жуулчлал төдийлөн хөгжөөгүй. Тэр дундаа музейн төрөлд ямар нэгэн санхүүжилт энэ тэр хийгээгүй байна. Хэдийгээр Засгийн газрын санхүүжилтээр зарим аймагт бүтээн байгуулалт эхэлсэн ч Улаанбаатар хотын ойр орчимд бол байхгүй. Тэр дундаа хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин алга. Иймд манай төв аялал жуулчлалын дижитал музей байгуулах ажлыг эхлүүлж байна. Энэхүү ажил нь богино хугацаанд хөрөнгө оруулалтыг татах бөгөөд давхар үйлдвэрүүдийг дэмжинэ. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд бодит хувь нэмрийг оруулах төсөл гэж хэлж болно. Бид цаашид Монголын аялал жуулчлалын салбарыг дэлхий дахинд таниулж, нүүдлийн соёл ахуйг сурталчилна.

 

А.Энхбаяр: АЯЛАЛ жуулчлалыг  дижитал хэлбэрт шилжүүлжсэнээр жилд хэчнээн сая жуулчин ч хүлээж авч болно

/Инженерийн ухааны доктор, профессор/

-Дижитал технологийг аялал жуулчлалын салбарт нэвтрүүлнэ гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Дэлхий дахинд  дижитал технологи буюу цахим шилжилтийн үе эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд нийгэм болоод шинжлэх ухаан, боловсрол зэрэг олон салбарт нэвтэрч байна. Үүний нэгэн аялал жуулчлалын салбарт цахим шинэчлэл, цахим аялал гэдэг ойлголт нэвтэрч байна. Тухайлбал, аялах сонирхолтой заавал өөрийн аялах шаардлагагүй нөхцөл байдал үүсэж байна гэсэн үг. Тэр дундаа цар тахалтай, хил хаалттай үед цахим технологийг ашиглаад тухайн үзэж, харах гэсэн улс, орноор  виртуал байдлаар аялах боломжтой. Ингэснээр аялал жуулчлалын салбар илүү өргөн утгаараа хөгжих нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Тиймээс бид дэлхийн чиг хандлагаас хоцрохгүйгээс виртуал орчинд аялал жуулчлалыг хөгжүүлэхээр ажиллаж байна. Мэдээж амаргүй. Гэхдээ ганц байгууллага, нэг сургуулийг үүнийг хийж чадахгүй. Харин үүнийг эх орондоо хөгжүүлэхийн тулд мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллах ёстой. Чаддаг, чаддаг зүйлээрээ нэгдээд явах учиртай. Ингэснээр Монгол Улсад аялал жуулчлалыг дижитал хэлбэрээр хөгжүүлэх боломж гарч байна.

-Манай улс жилд хүлээж авах жуулчныхаа тоог дундажаар гаргадаг. Тэгэхээр аялал жуулчлал дижитал хэлбэрт шилжсэнээр жуулчдын тоог хязгаарлах боломжгүй гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Бид дижитал хэлбэрт шилжүүлжсэнээр жилд хэчнээн сая жуулчин ч хүлээж авч болно. Тоонд хязгаар үгүй. Хамгийн чухал нь жилийн дөрвөн улиралд байнгын ажиллагаатай байна. Заавал Монголд ирэх шаардлагагүй. Харин байгаа орон зайнаас Монголын үзэсгэлэнт байгальтай танилцаж болох юм. Мэдээж тодорхой хэмжээний төлбөртэй. Төлбөрийг тухайн аялал жуулчлалыг оператер компаниар дамжуулж, төлнө.

-Виртуал орчныг бүрдүүлэхээр аль аймгаас эхэлсэн бэ?

-Хэнтий аймгийн нэлээд хэдэн газрыг дижитал орчинд оруулсан байгаа.  Иргэдийн аялах боломжийг хангасан. Ер нь энэ зунаас эхлээд аялал жуулчлалын гол гол бүсүүдийг дижитал орчинд оруулж, хүмүүс аялах нөхцөлийг хангана. Харин санхүү мөнгөний хувьд хэмнэлттэй. Цаг хугацааны хувьд давуу талтай. Ямар ч эрсдэлгүй. Сул тал нь гэвэл мэдээж, биеэр ирж үзсэнтэй харьцуулахгүй.