Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Монголын Банкны Холбоо, ТоС буюу Монголын тогтвортой санхүүгийн холбоо хамтран хоёр дахь жилдээ хэрэгжүүлж буй “Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцыг санхүүжүүлэх туршилтын төсөл” эхлэхэд бэлэн болжээ.
Төслийн талаарх мэдээллийг өнөөдөр холбогдох албаны хүмүүс танилцууллаа.
"Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцыг санхүүжүүлэх туршилтын төслийн хүрээнд гэр хорооллын иргэд өөрийн хашаандаа эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд хор нөлөөл багатай амины орон сууцыг бариулсан тохиолдолд 18 сая төгрөг хүртэлх буцалтгүй тусламж буюу дэмжлэг үзүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, 40 харилцагчид 240 мянган евротой тэнцэх буцалтгүй тусламжийг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс санхүүжүүлэлтээр Монголын банкны холбооноос олгоно” гэдгийг Монголын банкны холбооны төсөл, хамтын ажиллагааны менежер Д.Энхлин танилцуулгын эхэнд онцлов.
Эрчим хүчний хэмнэлттэй байшин гэдэг нь эдийн засгийн үр өгөөжтэй, урт хугацаандаа эдийн засгийн хэмнэлт үүсгэх байшин юм.
Хоёр дахь жилдээ хэрэгжиж буй “Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцыг санхүүжүүлэх туршилтын төсөл”-ийн гэрээ хийх хугацаа 2021 оны есдүгээр сарын 30-нд дуусах аж.
ТоС холбооны төсөл хамтын ажиллагааны менежер М.Оюунгэрэл “Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцын хамгийн том давуу тал нь бохирын шийдлийг нь тооцоолж, барилгын төсөвт оруулан зээлийн дүнд нь багтаасан.
Төсөлд хамрагдах алхмууд:
- Төслийн шаардлагыг хангах эсэхээ шалгаж, зээл авах боломжтой банкуудаас сонгон холбогдоод зээл авах боломжтой эсэхээ тодруулна.
- Боломжтой гэсэн хариу банкнаас өгвөл барилгын компаниудаас сонгож холбогдоод загвар байшингуудтай танилцан сонголтоо хийнэ.
- Барилгын компани газар дээр нь очин үнийг тогтоож, банкнаас зээлийн шийдвэр гарсан тохиолдолд 18 сая төгрөгийн буцалтгүй тусламж өгч барилгын ажлыг эхлүүлнэ. /төслийн хүрээнд 30 байшинд олгох хөнгөлөлт/
Энгийн зээлээс ялгаатай нь барилга баригдсаны дараа болон баригдаж байх явцад эрчим хүчний хэмнэлтийн аудит хийх бөгөөд уг зардал нь зээлийн дүндээ багтсан” гэв.
Төслийн шаардлага:
- Улаанбаатар хотын гэр хороололд байнга оршин суудаг,
- Газраа өмчилсөн эсвэл зээл авах хугацаанд эзэмших эрхтэй байх,
- Сууцны үнийн 10 хувьтай тэнцэх урьдчилгаа төлбөрийг гаргах чадвартай байх,
- Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдаагүй байх шаардлагатай
Хоёр дахь төслийн хүрээнд 29 барилгад зээл олгох бөгөөд зээлийн хүү 6%, 12% байна. Ингэхдээ банкууд өөр өөрсдийн онцлогт тулгуурлан шаардлагаа тавьж байгаа тул тухайн банкаасаа дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Жишээ нь харилцагч 12 сая төгрөгтэй байхад л 80 сая төгрөгийн эко орон сууцтай болох боломжтой гэдгийг ТоС холбооны төсөл хамтын ажиллагааны менежер М.Оюунгэрэл нэмж хэлэв.
Төслийн хүрээнд баригдаж буй амины сууцны талаар 80903400 дугаараар залгаж мэдээлэл авах боломжтой байна.