ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цаатан иргэдэд тэтгэмж олгох журмыг шинэчилнэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-07-14

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн 2013 оны 42 дугаар зарлигийг хэрэгжүүлэх талаар гарсан Засгийн газрын 2013 оны 168 дугаар тогтоолын дагуу цаатан иргэдийн амьдралын нөхцөлийг сайжруулах зорилгоор сар бүр олгох мөнгөн тэтгэмж олгож ирсэн билээ. Тухайн жилийн баталсан хангайн бүсийн амьжиргааны доод төвшинийг тогтоосон мөнгөн дүн, харин хүүхдэд тухайн төвшиний мөнгөн хэмжээг 50 хувиар тооцож тэтгэмж олгодог. Ингэснээр нэг иргэн 2017 онд баталсан доод төвшний хэмжээ буюу 175 мянган төгрөг, харин хүүхэд 87 мянган төгрөг авч байна гэсэн үг.

 

Улмаар, 2013 онд 343 иргэн 2014 онд 345 иргэн, 2015 онд 334 иргэн, 2016 онд 368 иргэн 2017 онд 382 иргэн, 2018 оны нэгдүгээр улирлын байдлаар 369 иргэн тус тус хамрагдсан байдаг. Мөн цаатан иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцах арга хэмжээнд 2016, 2017 онд нийт 164 иргэн хамрагджээ. Нийгмийн даатгалын сангаас нийт 36 иргэн тэтгэвэр авдаг аж. 2018 оны байдлаар Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын баруун болон зүүн тайгад нийт 84 өрхийн 478 цаатан иргэн амьдарч байгаагаас 148 нь 0-18 насны хүүхдүүд, 48 нь ахмад настан, 22 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ес нь байнгын асаргаа шаардлагатай иргэн, хоёр нь бүтэн өнчин хүүхэд юм байгаа гэсэн тоон мэдээ ч гарсан аж.

Тэгвэл улсын баяр наадмын өмнө хуралдсан Засгийн газрын хуралдаанаас цаа буга маллан тайгад амьдарч байгаа цаатан иргэдийн Нийгмийн даатгалын шимтгэлд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусгахаар болов. Мөн 2016 оноос хойш цаатан иргэдийн НДШ-ийг тэтгэврийн даатгалд 10, тэтгэмжийн даатгалд нэг хувиар төлж байгаа. Үүнийг энэ онд 11 хувь, ирэх онд 11.5 хувь, 2020 ба түүнээс хойш 12.5 хувь байхаар өөрчилжээ. Үүнээс гадна тайгад амьдардаг цаатан хүүхэд болон насанд хүрсэн иргэнд сар бүр мөнгөн тэтгэмж олгох журмыг шинэчлэн батлахаар болжээ.

Б.Тогтох