ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Инфляцын тайлан: Дотоодын эдийн засгийг дэмжих хоёр гол хүчин зүйл

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-04-05

Төв банкнаас улирал тутам танилцуулдаг Инфляцын тайлан 4-р сарын 2-ны ѳдѳр нийтлэгдсэн байна. Голлох тооцооллыг харвал ДНБ-ий өсөлтийг 2021 онд 6.1 хувийн голчтой байна гэж таамаглажээ. Үүнд уул уурхайн салбар голлон нөлөө үзүүлэх буюу 16 орчим хувиар өснө гэж үзжээ. Ингэснээр эдийн засаг 2021 онд эргэн сэргэх хүлээлт хэвээр байгааг харууллаа. 

 

Цар тахал дэгдсэн 2020 онд дотоодын эдийн засаг сүүлийн 30 жилийн хамгийн тааруу жилээ үдсэн. ДНБ ѳнгѳрсѳн онд 5.3 хувь  агшсан нь 1990-ээд оны шилжилтийн хүнд хэцүү үеэс хойших хамгийн гүнзгий уналт болсон юм. Эдийн засаг энэ онд +6 хувиар өссѳнѳѳр цар тахлын өмнөх түвшиндээ ойртох хүлээлттэй байна.

2021 онд эдийн засгийг дэмжих хоёр гол хүчин зүйлийг дараах байдлаар тодорхойлжээ. Гадаад орчин талаас цар тахлын эсрэг вакцинжуулалт эхэлж, дэлхийн эдийн засагт эерэг өөрчлөлтүүд ажиглагдаж байгаа нь дотоодын эдийн засгийг дэмжихээр байна. Мөн эдийн засгийг дэмжих хөтөлбөр өсөлтийг эрчимжүүлэх төлөвтэй. Энэ талаар олон улсын байгууллагууд төстэй хүлээлттэй байгааг харж болно.

Тухайлбал Дэлхийн банк 3-р сарын 25-нд шинээр танилцуулсан тайландаа Монгол Улсын тухайд “Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээний хүрээнд бодлогын зээлүүд нь хөрөнгө оруулалт болон уул уурхайн бус салбарын үйлдвэрлэл сэргэхэд дэмжлэг үзүүлэхээр байна. Мөн түүнчлэн, глобал эдийн засаг сэргэж, түүхий эдийн үнэ өндөр байхаар байгаа нь ГШХО, уул уурхай болон мөн тээвэр зэрэг уул уурхайгаас хамаарал өндөртэй бусад салбаруудыг дэмжихээр байна” гэж тодотгожээ. Дэлхийн банк Монголын эдийн засгийг энэ онд 6.8 хувиар өсөх таамгийг гаргасан юм.

Харин эрсдэлийн тухайд гадаад болон дотоод орчинд цар тахлын тархалт, вакцинжуулалтын хүртээмж ямар байхаас түлхүү хамаарна гэх дүгнэлтүүдийг шинжээчид танилцуулжээ.