Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн хэд хэдэн компанид халдвар бүртгэгдэж, түүнийг нь нууцалж байгаа гэх мэдээлэл яригдлаа.
Тухайлбал, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын 80 гаруй орд 200 орчим илрэлтэй. Тус нутагт “Оюутолгой”, “Энержи ресурс”, “Мөнхноён суварга”, “МАК,” “Саус гоби сэндс” зэрэг олон компани үйл ажиллагаа явуулж байгаа. Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар “Оюутолгой” болон “Саус гоби сэндс” гэх мэт уул уурхайн компанид коронагийн халдвар бүртгэгдэж, Улаанбаатар хот руу зөөвөрлөсөн гэх мэдээллийг эх сурвалж хэлж байгаа билээ. Үүнээс үүдэн зарим газарт хөл хорио тогтоож, Өмнөговь аймгаас орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан гэх. Түүнчлэн уул уурхайн компаниудын ард улс төрийн нөлөө бүхий эрхмүүд байдаг учраас “Халдвар гарсан гэдгийг нууцалж байгаа” гэв.
Монгол Улсад халдвар эрчимтэй тархаж, өдөрт бүртгэгдэх тоо их байгаа учраас БНХАУ нүүрсний татан авалтаа эрс багасгаж, өдөрт цөөн тоогоор машинуудыг нэвтрүүлж байгаагаас үүдэн 700 гаруй жолооч машиндаа хоног төөрүүлж, хоол хийж идэж амьдарч байгаа аж. Энэ нь корона уул уурхайн компаниудад бүртгэгдсэн гэх мэдээлэл Хятадын талд очсонтой холбоотой ч байж мэдэх юм. Цаашилбал, нүүрс тээвэрлэлтийн жолооч нарт хийдэг шинжилгээг тогтмол болгосон байна. Энэ талаар Өмнөговь аймгийн шуурхай штабын 70533336 дугаараас холбогдож асуухад “Манай аймагт халдвар бүртгэгдээгүй” гэх мэдээллийг өглөө.