МҮХАҮТ-ын дарга Т. Дүүрэн, "Тавантолгой түлш" ХХК-ны Гүйцэтгэх захирал М. Ганбаатар болон АНУ-ын ЭСЯ-ны Худалдааны ахлах мэргэжилтэн Майкл Ричмонд нар Монголд үйлдвэрлэж байгаа утаагүй түлшний үйлдвэрлэлд шинэ технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэх талаар уулзалт хийлээ.
"Эрдэнэс Таван Толгой" ХХК-ны олборлосон түүхий нүүрсийг угаан боловсруулах шинэ төслийн хүрээнд дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийг хөгжингүй орнуудаас нэвтрүүлж, өнөөдөр хэрэглэгдэж байгаа утаагүй түлшний чанарыг сайжруулах зорилтыг "Тавантолгой түлш" ХХК тавиад байгаа бөгөөд МҮХАҮТ уг ажлыг дэмжиж ажиллаж байна.
Уг ажлын хүрээнд шинэ төслийг АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөлд танилцуулж, санал бодлоо солилцов. Утаагүй түлшний чанар сайжирснаар нийгмийн эрүүл мэндэд ашиг тустай гэдгийг талууд онцлоод энэ төслийг үр дүнтэй бодит ажил болгохын төлөө талууд хичээл зүтгэл гарган хамтран ажиллахаар тохиролцлоо.