Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрсөн маршрутаар Оросоос Хятад руу байгалийн хий нийлүүлэх "Сибирийн хүч-2" буюу "Союз Восток" байгалийн хий хоолой барих төслийн Техник-эдийн засгийн үнэлгээ буюу урьдчилсан ТЭЗҮ-г баталсан талаар “Газпром” компани мэдээлэл гаргасан байна.
“Союз Восток” бол өмнө нь төлөвлөгдөж байсан “Сибирийн хүч-2” төслийн үргэлжлэл гэж “Газпром”-ын мэдээлэлд дурджээ. Тодруулбал, "Газпром нь “Сибирийн хүч-2” шугамыг Монгол Улсын баруун хилийг тойруулан барихаар анх төлөвлөж байсан. Хожим Монгол Улсын Ерөнхийлөгч Владивостокийн Дорнын Эдийн Засгийн Форумд гурван удаа оролцохдоо Орос, Хятадын удирдагчидтай уулзалт хийж, энэ саналыг удаа дараа тавьсан байдаг.
Эцэст нь үр дүнд хүрч “Сибирийн хүч-1” шугам Монгол Улсын зүүн талаар тойрсон шиг баруун талаар тойрч баригдахаар төлөвлөгдөж байсан маршрутыг өөрчлүүлж чадсан билээ” хэмээжээ. Өөрөөр хэлбэл “Сибирийн хүч-2” төсөл цаашдаа "Союз Восток" нэртэйгээр үргэлжлэх бөгөөд маршрут нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх юм.
Түүнчлэн, “Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолойн төлөвлөгдөж байсан хүчин чадлаас даруй 1.3 дахин их хүчин чадалтай байхаар "Союз Восток" магистралийн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулсан байна. Энэ бол бизнес төсөл төдийгүй хоёр том хөрштэйгөө энэ тэнцүү байр сууриас харилцах боломж бүрдүүлэх, тэнцвэржүүлэх үүрэгтэй төсөл юм хэмээжээ.
Эх сурвалж: "Sarnai econ" фэйсбүүк хаяг