Хөвсгөл аймагт өчигдөр 4.3-6.3 магнитудын хүчтэй гурван удаа газар хөдөлжээ.Энэ талаар мэдээллийг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс тухай бүрт нь Онцгой байдлын ерөнхий газарт хүргүүлсэн байна. Тодруулбал:
- Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар тавдугаар сарын 3-ны 16:46 цагт 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, Байгаль орчны Улсын хяналтын байцаагч болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн. Тухайн газар хөдлөлтийн чичирхийлэл нь Улаанбаатар хот болон Архангай, Орхон аймгийн зарим иргэдэд сул мэдрэгдсэн. (Ө-51°15”36”, У-100°26”24”)
- Дээрх газарт мөн өдрийн 16:58 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд сул мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй байна. (Ө-51°16”12”, У-100°23”24”)
- Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар тухайн өдрийн 22:11 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөв. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд сул мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн. (Ө-51°10”48”, У-100°19”12”)