Хөвсгөл аймгийн хоёр суманд өчигдөр нийт гурван удаагийн газар хөдлөлт болжээ.
Тодруулбал, өчигдөр тус аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар 19:24 цагт 4.0 магнитудын хүчтэй, 22:23 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлэв.
Мэдээллийн дагуу Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгийн газрын дарга болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад "Эхний газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй, дараагийнх нь бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй" хэмээн мэдэгдсэн байна.
Мөн тус аймгийн Рэнчинлхүмбэ сумын тавдугаар багийн “Чулуут” гэдэг газар 19:37 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд газар хөдлөлтийн чичирхийлэл тухайн газарт нутагладаг иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛААС ХАМГААЛАХ ЗӨВЛӨМЖ
- Хүчтэй чичиргээ ихэнхдээ 1 минут орчим үргэлжилдэг тул бат бөх ширээн дор орж, толгойгоо хамгаалах хэрэгтэй. Ийм ширээ байхгүй бол жин, овор ихтэй тавилга болон цонхноос аль болох хол зайтай ханан талд очиж суух хэрэгтэй.
- Цахилгаан болон хийн зуухыг салгах. Гал гарсан тохиолдолд нэн даруй унтраах хэрэгтэй.
- Орчин тойрныг ажиглаж, тайван байх хэрэгтэй. Цахилгаан шат ашиглахыг хориглоно.
- Хаалган дор зогсоход аюул багатайгаас гадна гадагш гарахад тустай.
- Хэрвээ гудамжинд явж байхад тань газар хөдлөлт болвол барилгын тоосго, мод, цонхны шил, гэрэлтүүлгийн болон зар сурталчилгааны багана, самбар зэрэг гэмтээж болох зүйлээс хол байж, нээлттэй, задгай талбай олж зогсох хэрэгтэй.
- Дэлгүүр, зах, үзвэр, үйлчилгээний газар зэрэг олон хүнтэй орчинд хүмүүс сандралд орж үймээн, шуугиан үүсдэг. Иймд тайван байж, сандарч тэвдэхгүйгээр тухайн байгууллагын ажилтны заавар зөвлөгөөг дагах хэрэгтэй.
- Автомашинаар зорчиж яваа тохиолдолд нэн даруй зогсч радиогоор өгөх мэдээллийг сонсох хэрэгтэй. Нүхэн гарцын дор, өндөр барилгын хажууд зогсож болохгүй.
- Хэрэв гол, устай газрын ойролцоо байдаг бол нэн яаралтай өндөрлөг газар очих хэрэгтэй.
- Аль болох бага эд зүйлс биедээ авч, явганаар шилжин байрлах. Автомашинаар зорчих нь замын түгжрэлд орохоос гадна аврах ажиллагаа явуулахад саад болж болзошгүй.
- Гамшгийн үед хүмүүс цуу ярианд автах, төөрөлдөх явдал их байдаг тул нутгийн захиргааны болон онцгой байдал, цагдаа, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй бодит мэдээлэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй.