Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх үеэр эрчим хүчний өнөөгийн нөхцөл байдлын талаар салбарын сайд Н.Тавинбэх мэдээлэл өгөв.
Тэрбээр “Хотын цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн таван жилийн дунджаар 6-8 хувийн өсөлттэй байна. Хотын хэрэглэгчдийг хангаж буй дамжуулах, түгээх сүлжээний нийт шугамын 31 хувь буюу 815 дэд станц, цахилгаан дамжуулах агаарын болон кабель шугамын 26 хувь буюу 3,388 километр цахилгаан дамжуулах агаарын шугамын ашиглалтын хугацаа дуусаж, нэн яаралтай шинэчлэл хийх шаардлагатай байна.
2020 онд түгээх сүлжээнд 280 удаагийн тасралт гарч, давхардсан тоогоор 306 мянган хэрэглэгчийн цахилгаан хангамж нэг цаг ба түүнээс дээш хугацаагаар доголдсон байна. Улаанбаатар хотын цахилгаан хангамжид ашиглагддаг 33 дэд станцаас 28 станц, түгээх сүлжээний 30 дэд станцаас 20-ийнх нь хэрэглээ суурилагдсан хүчин чадалд тулсан, ачаалал хэтэрсэн байна.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын долоон дүүргийн хэмжээнд гэр хорооллын 13,681 өрх стандартын шаардлагад нийцсэн цахилгаан эрчим хүчинд холбогдож чадаагүй байна. Нийслэлийн цахилгаан ачаалал 2025 оны түвшинд 1,100 МВт хүрэх тооцоолол гарсан.
ДЦС-3-ыг түшиглэн Улаанбаатар хотын цахилгаан дулаан хангамжийн тав дахь эх үүсвэрийг барих, Амгалангийн станцыг дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэх блокоор өргөтгөх, өвлийн оргил ачааллын үед ажиллах Сэлбэ, Дамбадаржаа дэд төвд бага болон дунд шатлалт дулааны станцуудыг шинээр барих, хийн дулааны станцуудыг Дэнжийн мянга, Шар хад дэд төв, Долдугаар бичил хороололд барьж байгуулах, ашиглалтын хугацаа дууссан 91.2 километр урттай дулааны шугам сүлжээг үе шаттайгаар өргөтгөн шинэчлэх шаардлагатай” гэлээ.