ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Н.Энхээ: Б.Батзориг сайд 711 сая төгрөгийн татвараа төлөхгүйн тулд намайг татварын байгууллагаас зайлуулсан

С.БУДРАГЧАА (сэтгүүлч)
2018-05-07

2001-2009 оныг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргаар ажиллаж байсан Н.Энхээтэй ярилцлаа. Тэрбээр тухайн үед Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Б.Батзоригоос 711 сая төгрөгийн татвараа төл хэмээн шаардсанаас болж ажлаасаа хууль бусаар халагдаад зогсохгүй бүтэн жил гаруй хугацаанд АТГ-т шалгуулж 22 хоног хилсээр шоронд хоригдсон юм.

-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
 

-Миний нэрийг Нэргүйн Энхээ гэдэг. Намайг 2001 онд Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Л.Зориг гэдэг хүн Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн даргаар томилж байлаа. Л.Зориг агсан Монгол Улсынхаа төлөө чин сэтгэлтэй, татварын асуудлыг нэвт шувт мэддэг үнэхээр мундаг хүн байсан. Би тэр хүний тушаалаар томилогдсоноос хойш 2009 оныг хүртэл төрд чин шударгаар зүтгэж, ажил үйлсээрээ манлайлж яваад хууль бусаар халагдсан хүн. Би энэ ярилцлагыг хэн нэгнийг харлуулж буруутгах гэж өгсөнгүй. Харин үнэн мөнийг олон нийтэд хүргэхийг л хүсч өгч байна. Миний ярьсан бүхэн хөдөлшгүй баримт нотолгоотой.
 

-Таныг яг ямар шалтгааны улмаас ажлаас тань халсан юм бэ?
 

-2009 онд Баянзүрх дүүргийн Засаг даргаар, одоо УИХ-ын гишүүн болчихоод байгаа Б.Батзориг ажиллаж байсан. Б.Батзориг дарга 2009 оны нэгдүгээр сард үр дүнгийн гэрээг байгуулах үедээ “Би хамгийн түрүүнд Н.Энхээ ахтайгаа үр дүнгийн гэрээгээ байгуулна. Яагаад гэхээр Н.Энхээ ахын удирдаж буй хэлтэс гурван төсвийн орлогоо давуулж биелүүлсэн. Н.Энхээ дарга энэ ажлыг авах үед манай дүүргийн татварын хэлтэс улсын хэмжээнд байгаа 33 татварын хэлтсээс 26-д жагсдаг байсан. Одоо шилдэг тавд жагсаж байна. Зарим үзүүлэлтийг нь зориуд дараагүй байсан бол гуравт жагсах байсан. Дүүргийнхээ хөдөлмөрийн аварга болсон энэ хүнтэй хамгийн түрүүнд гэрээгээ байгуулна” гэж хэлж байсан юм шүү дээ. Тэрний дараахан Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн дарга Г.Лувсанцэрэн над дээр ирээд “Танай дүүргийн Засаг дарга чинь улсад төлөх ёстой 711 сая төгрөгийн татварын өрөө төлдөггүй, яах вэ. Ах нь ёстой хуйхаа маажиж байна. Үүнээс нь болоод татварын төлөвлөгөө биелэдэггүй. Чи нэг уулзаад үзээч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Засаг дарга Б.Батзориг дээр ороод “За дүү минь ээ. Улстөрд оръё гэж байгаа бол төрд төлөх ёстой татвараа төлчих. Чиний гүйцэтгэх захирлаар нь ажилладаг байсан “Кёкүшюзан хөгжил сан” ТББ-д гурван шатны шүүхээс тогтоосон татварын өр байна. Түүнийг нь албадан биелүүлэх тогтоол энэ байна” гэж хэлсэн. Тэгэхэд Б.Батзориг “Би ТЕГ-ын дарга Ц.Оюунбаатартай базууд. Би Ц.Оюунбаатар даргатай ярьж байгаад таныг Нийслэлийн татварын газрын дарга болгож өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Ах нь албан тушаал наймаалцах дургүй. Чи зүгээр л татвараа төл” гээд гарсан.
 

Тэгмэгц Б.Батзориг Ц.Оюунбаатартай яриад намайг зайлуулах ажлыг зохион байгуулсан. Ц.Оюунбаатар Нийслэлийн татварын газрын дарга С.Энхбаатар руу бичиг явуулж, С.Энхбаатараар намайг Налайх руу шилжүүлэх тушаал гаргуулсан. Татварын ерөнхий хуульд заасны дагуу Татварын хэлтсийн даргыг томилж чөлөөлөхдөө тухайн шатны засаг даргатай зөвшилцөх ёстой байдаг юм. Нийслэлийн татварын газрын дарга С.Энхбаатар “Н.Энхээг Налайх руу шилжүүлье” гэдэг санал авах бичиг ирүүлсэн даруйд нь Б.Батзориг татгалзах зүйлгүй хэмээн хариу өгч асуудлыг шийдвэрлэсэн байдаг.
 

-Б.Батзориг гишүүн таныг хууль бусаар зайлуулж чадаж. Харин улсад төлөх ёстой татвараа төлсөн үү?
 

-Төлөөгүй. “Кёкүшюзан хөгжил сан” ТББ нь улсад 711 сая төгрөгийн татвар төлөх ёстой гэдэг шийдвэрийг тухайн үед гурван шатны шүүхээс гаргасан байдаг юм. Мөн шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тогтоол хүртэл гарсан байсан. Гэтэл Б.Батзориг улсад төлөх ёстой татварын өрөө төлөхгүйн тулд намайг 2009 оны тавдугаар сард Ц.Оюунбаатартай нийлж хууль бусаар зайлуулаад, түүнээс нэг сарын дараа 2008 оны наймдугаар сарын 01-ний өдрөөр хэрэгжих хугацаа нь дуусгавар болсон татварын өршөөлийн хуульд “Кёкүшюүзан хөгжил сан” ТББ-ыг хамруулж, улсад төлөх ёстой өрийг цайруулсан байсан.
 

-Үйлчлэх хугацаа нь дууссан хуулийг хэрэглээд татварыг тэглэж болдог юм уу?
 

-Энэ бүхний ард маш том бүлэглэл байгаа. Улсад 711 сая төгрөгийн татвар төлөх ёстой гэдэг нь гурван шатны шүүхээр нотлогдсон хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас задалж хэлэлцэх ёстой шүү дээ. Гэтэл Захиргааны хэргийн шүүх “ТЕГ-ын дарга Ц.Оюунбаатар татварын өршөөлийн тухай хуульд заасны дагуу “Кёкүшюзан хөгжил сан” ТББ-аас нэхэмжилсэн 711 сая төгрөгийн нэхэмжлэлээ татсан учраас хэргийг хэрэгсэхгүй болголоо гэх шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хууль бусаар гаргаж, Б.Батзоригт холбогдох өрийг цайруулсан байдаг. Захиргааны хэргийн шүүхийн тэрхүү хууль бус шийдвэр бүрийн ард тухайн үед Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн, одоо ШЕЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа О.Зандраа байсан гэдэг нь хөдлөшгүй баримтуудаар тогтоогдсон.
 

-Таныг хууль бусаар ажлаас чинь халлаа гэдэг асуудлаар та шүүхдэж болоогүй юм уу?
 

-Шүүхдэлгүй яах вэ. Намайг тус дүүрэг рүү шилжүүлэх ямар ч шалтаг, шалтгаан байгаагүй. Мөн Засаг даргатайгаа 2009 оныг дуустал ажиллах үр дүнгийн гэрээгээ байгуулчихсан, 2008 онд татварын гурван төсвийн төлөвлөгөөгөө давуулан биелүүлчихсэн байсан учраас нүүр бардам ажиллаж байсан хүн. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан н.Дамдиндорж гэдэг хүн миний гомдлыг хянаж үзээд Н.Энхээг хууль бусаар халсан байна. Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн даргаар эргүүлэн тавь гэдэг шийдвэрийг гаргасан. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрч миний талд гарсан. Хууль бусаар хүнийг халсан гэдэг нь хоёр шатны шүүхээр тогтоогдонгуут Ц.Оюунбаатар заль хэрэглэсэн.
 

-Таныг залилсан юм уу?
 

-Тийм. Тухайн үед Нийслэлийн татварын газрын даргаар ажиллаж байсан С.Энхбаатар гэдэг хүнийг надтай уулзуулсан. Тэрбээр надтай уулзаад “За Н.Энхээ минь. Юунаас болоод зөрчил гараад байгаа юм. Налайх дүүрэгт очоод хоёр жил ажиллаад ирэхэд нь юу нь болохгүй байгаа юм. Чи сайн бод” гэхээр нь “Би Налайхад ажиллахад наанадаж ажил гэр холдоно. Цаанадаж авсан цалингийнхаа нэлээдгүй хэсгийг унаанд зарцуулна. Би гэр бүлээ тэжээх гэж ядаж яваа хүн” гэдгээ түүнд хэлсэн. Тэгсэн чинь С.Энхбаатар дарга “Цалин дээр чинь нэмж сар бүр унааны мөнгө 350 мянган төгрөг олгоё. Мөн Налайх дүүрэгт амьдрах хоёр өрөө байрны асуудлыг шийдвэрлэе” гэж хэлсэн. Энэ бүх хэлсэн зүйл нь нотолгоотойгоо байгаа. Тухайн үед хийсэн уулзалтын ярилцлагын тэмдэглэл, Налайх дүүргийн ЗДТГ руу байр, орон сууцны үнийг судлуулахаар явуулсан албан бичиг нь хүртэл байгаа.
 

-Амлалтынхаа хариуд танаас юу хүссэн бэ?
 

-Хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлоо татаад авчих гэж хэлсэн. Гэтэл хуульд юу гэж заасан байдаг вэ гэхээр зөвхөн анхан шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх үед л гомдлоо татаж болно. Давах болон хяналтын шүүхэд шилжсэн хэргийг татах эрх хэнд ч байдаггүй юм билээ. Гэтэл Ц.Оюунбаатар тухайн үед УДШ-ийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн байсан О.Зандраа нар хуйвалдаж тус хэргийг миний гаргасан хүсэлтийн дагуу хууль бусаар татсан.
 

-Танд амласан хоёр өрөө байр, шатахууны нэмэгдэл мөнгө зэргээ олгосон уу?
 

-Үгүй. Ц.Оюунбаатар өөрийгөө хүний эрхийн хуульч хэмээн өргөмжилдөг. Гэхдээ тэр хүний эрхийн хуульч бус харин хүний эрхийг жинхэнэ бүдүүлгээр зөрчигч байсан. Надтай эвлэрэх асуудлыг ярьж, УДШ-ээс өргөдлийг минь татуулж байх үедээ АТГ-т намайг дөрвөн удаа өгсөн байсан. Тэгэх тэгэхдээ маш хүнд, онц ноцтой гэмт хэрэгт холбогдуулан гүтгэж, матсан байсан. АТГ-аас намайг дөрвөн удаа хэрэгт холбогдуулан жил гаруй шалгаж, 22 хоног хилсээр хорьсны эцэст Н.Энхээ ямар ч гэм буруугүй гэдгийг тогтоож, цагаатгасан. Надад холбогдох хэргийг 2012 онд хоёр сарын турш мэргэжлийн байгууллага нь шалгаад надад 2012 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр 432 дугаарт албан бичгийг ирүүлсэн. Тус албан бичигт “Таныг Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс чөлөөлж, Налайх дүүрэг рүү шилжүүлсэн үйлдэл хууль бусаар байна. Ажлаас тань халсан нь бүр хууль бус байна. Таны шүүхэд гаргасан гомдлыг нь хяналтын шатны шүүхээс эргүүлэн татсан үйлдэл ч хууль бус байна” тиймээс Дээд шүүхээр хэргийг эцэслэн шийдвэрлэх хүсэлтийг О.Зандраад хаяглан явуулсан. Гэвч тэр үед О.Зандраа ШЕЗ-рүү дэвшээд оронд нь М.Батсуурь гэдэг залуу томилогдсон байсан.
 

-Б.Батзориг гишүүн, Ц.Оюунбаатар нар өөрийнхөө булхайтай үйлдлийг нуухын тулд таныг хэлмэгдүүлжээ?
 

-Тэгэлгүй яах вэ. Ц.Оюунбаатар намайг намнахын тулд УДШ рүү явуулсан хоёр удаагийн албан бичигт “Н.Энхээгийн эрүүгийн онц ноцтой гэмт хэргийг шалгуулах тухай” гэдэг бичгийг явуулсан байдаг. Намайг хуулийн байгууллага бүх талаар шалгаад ямар ч гэм буруугүй гэдгийг ёсоор тогтоосон. Би шударга байсан, хэлэх үг, хийсэн ажилтай байсан. Харин тэгэхэд улсад төлөх ёстой 711 сая төгрөгийн татварын өртэй хүн дүүргийн Засаг дарга болж байна. Дүүргийн даргаасаа дэвшээд УИХ-ын гишүүн болчихсон байна. Ийм л нийгэмд бид амьдарч байна. 711 сая төгрөгийн татварын өрийг нь төлүүлэхээр тэмцсэн татварын хэлтсийн дарга нь өнөөдөр хууль бусаар халагдаад ажилгүй явж байна. Шударга ард түмэн гэж байдаг юм бол, шударга төрийн албан хаагчдыг хамгаалдаг нам улс төрийн хүчин гэж байдаг юм бол Б.Батзориг, Ц.Оюунбаатар нарын хууль бус үйлдлийг дахин шалгах ёстой. Улсад төлөх ёстой 711 сая төгрөгийн асуудлыг дахин шалгах ёстой. Тус хуулиар өршөөлөө гэхэд л 50 хувь хөнгөлөөд 355 сая төгрөгийг төлүүлэх ёстой байсан.
 

-Та энэ асуудлаар өмнө нь хууль хяналтын байгууллагад хандсан уу?
 

-Хуулийн хуйлгайчид болсон, мафижсан хүмүүс өмнө нь засаглаж байсан учраас өгөөгүй. Хэрвээ энэ бүх баримтуудаа АТГ-т өгөхөд шууд ШЕЗ-ийн гишүүн О.Зандраад эрүүгийн хэрэг үүснэ. Ц.Оюунбаатарт эрүүгийн хэрэг үүсэх ёстой. Одоо Ерөнхийлөгч өөр хүн болсон учраас ах нь зоригтой ярьж байна. Түүнээс биш Ц.Элбэгдорж гэдэг хүн энийг хаачихдаг байсан. Ц.Оюунбаатар, О.Зандраа нар эрх мэдлээ хэрхэн урвуулан ашигласан талаарх бүх баримтуудыг би чамд өгнө. Чи энэ дагуу эрэн сурвалжилсан нийтлэл бичиж, бузар булайг илчлээсэй гэж хүсч байна.