Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Сүхбаатар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдтэй тус дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөлтэй танилцсан юм. Тус төсөл БНХАУ-ын Засгийн газрын 350 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжинэ.
Монголын талаас газар чөлөөлөх, зураг төсөл бэлэн болгох, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх үүрэг хүлээсэн. Харин Хятадын тал санхүүжилтийг бүрэн шийдэж, гүйцэтгэгч болон зөвлөх үйлчилгээ үзүүлэх компаниа хариуцаж ажиллуулах юм. Бэлтгэл ажлаа бүрэн хангасан байгаа юм.
Төсөл хэрэгжүүлэх байршилд газар чөлөөлөлт хийсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын захирамжаар 3.8 га газар эзэмших эрхийг Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газарт шилжүүлсэн. Батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар 1.9 га газар буюу 36 нэгж талбарыг чөлөөлөх шаардлага бий.
Эдгээр байршилд авто зам, авто зогсоол, ногоон байгууламж, 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил хийх юм. “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл 30-н сарын хугацаанд хэрэгжих бөгөөд 21 давхар, зоорьтой, найман блок барилга баригдана. Давхартаа зургаан айл, нэг блок 126 айлтай байх юм. 50, 55 ам метр гэсэн хоёр өрөө байрны сонголттой байх юм. 4.2 га-д орон сууцны барилга барих нь нийт талбайн 10 хувь бөгөөд үлдсэнд нь ногоон байгууламж, зам, талбай, хүүхдийн тоглоомын талбай барина.