"Магнай трейд", "Шунхлай" зэрэг шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, ШӨХТГ, Монголын газрын тос импортлогчдын холбоонд хандан маргаашнаас эхлэн шатахууны жижиглэнгийн үнийг үе шаттай нэмэгдүүлэх болсноо мэдэгджээ.
Өөрөөр хэлбэл, Уул уурхайн яам, Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу өнгөрөгч оны тавдугаар сарын 11-нд байгуулсан “АИ-92 төрлийн автобензиний үнэ тогтворжуулах тухай” хамтын ажиллагааны гэрээ нь 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нд дууссан ч тэр цагаас хойш аж ахуйн нэгжийн тухайд нийгмийн хариуцлагын хүрээнд үнээ нэмэхгүй явж иржээ. Гэвч эдгээр импортлогчид АИ-92 автобензинийг импортын үнэ нэмэгдсэнээс хойш дунджаар 245 ам.долларын өндөр үнээр худалдан авч буй учраас үнээ нэмэхээс өөр аргагүй боллоо хэмээн мэдэгджээ.
Дээрх хилийн үнийг тооцож үзвэл литр шатахууныг 1985 төгрөгөөр зарах ёстой ч өнөөдрийг хүртэл 1450 төгрөгөөр хэтрүүлэхгүй байснаар 500-600 төгрөгийн алдагдал хүлээж байгаа учраас маргааш буюу зургадугаар сарын 12-ны өдрөөс эхлэн литр тутмын үнийг 600 төгрөг хүртэл үе шаттай нэмнэ гэдгээ мэдэгдэж, албан бичиг илгээжээ.
Гэвч ШӨХТГ-ын дарга “Манайд одоогоор ийм албан бичиг ирээгүй” хэмээсэн бол салбарын эх сурвалжууд “Хилийн үнэ нэмэгдсэн учраас шатахууны үнэ нэмэгдэхээс аргагүй. Маргаашнаас эхлэн үе шаттай нэмнэ” хэмээлээ.