Коронавируст халдварын нөхцөл байдлын улмаас Дундговь аймаг өнөөдрөөс эхлэн зургаадугаар сарын 22-ны өдрийн 06:00 цаг хүртэл Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжжээ.
Үүнтэй холбоотойгоор дээрх хугацаанд хүнсний дэлгүүр, эмийн сан, шатахуун түгээх болон банкны үйлчилгээнээс бусад салбарын үйл ажиллагааг хязгаарласан байна.
Хүнсний дэлгүүрүүд 09:00-18:00 цагийн хооронд ажиллах бөгөөд архи согтууруулах ундаа худалдан борлуулах болон түүгээр үйлчлэхийг хоригложээ.
Түүнчлэн сүүлийн дөрвөн сар уг өвчнөөр өвчилж эдгэрснээс бусад иргэдийг төлбөртэй түргэвчилсэн шинжилгээнд хамруулж аймаг руу нэвтрүүлэхээс гадна хяналтын цэгүүдээр PCR болон түргэвчилсэн шинжилгээгээр нэвтэрч буй иргэдийг 7 хоног гэрийн тусгаарлалтад оруулахаар шийдвэрлэсэн гэж Дундговь аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Тус аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлснээр тус аймагт өчигдөр шинээр коронавируст халдварын 60 тохиолдол батлагджээ. Ингэснээр тус аймагт 289 тохиолдол бүртгэгдэв. Тус аймгийн Эрдэнэдалай болон Дэрэн суманд халдварын шинэ голомт үүссэн байна.