ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ХЯТАД НҮҮРСНИЙ ОЛБОРЛОЛТОО 110 САЯ ТОННООР НЭМЭГДҮҮЛНЭ

O.Admin
2021-07-24

Хятад улс 2021 оны хоёрдугаар хагаст нүүрсний олборлолтын хүчин чадлыг 110 сая тонноор нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Үүний тулд шинэ уурхайнуудыг ашиглалтад оруулахаар болсон байна. Энэ нь дотоодын нүүрсний эрэлт нэмэгдсэнтэй холбоотой аж.

Өнөөгийн байдлаар, 40 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай уурхайнууд ашиглалтын зөвшөөрлөө төрийн байгууллагаас хүлээж байгаа бол 70 сая тонн нүүрс олборлолтын хүчин чадалтай төслүүд бэлтгэлийн шатандаа буйг Хятадын хөгжил, шинэтгэлийн хорооноос мэдээлжээ. Эдгээр уурхайг шат дараатай ашиглалтад оруулахаар судалж байна.

Тус улсын Үндэсний хөгжил, шинэчлэлтийн хорооны мэдээллээр, зөвхөн энэ оны эхний хагаст тус улсын нүүрсний олборлолтын хүчин чадал бараг 140 сая тонноор нэмэгджээ.

Хятадын дотоодын зах зээл дээр нүүрсний үнэ огцом өсч, аж үйлдвэр болоод эрчим хүчний хэрэглээ өндөр байгаа энэ үед уурхайнуудыг нүүрсний олборлолтоо нэмэгдүүлэх хэрэгтэй гэж тус улсын төрийн байгууллага үзэж байна.

Өнөөгийн өндөр эрэлтийн улмаас өнгөрсөн долоо хоногт улсын нөөцийн сангаас 10 сая тонн нүүрс дотоодын зах зээлдээ нийлүүлжээ. Учир нь мөн хугацаанд Хятадын 11 мужид нүүрсний хэрэглээ дээд хэмжээндээ хүрч нийлүүлэлтэд хомстол үүсч болзошгүй нөхцөл байдалтай тулгарсан байна. Эхний зургаан сарын байдлаар, тус улсын эрчим хүчний хэрэглээ 16%-иар нэмэгджээ.

Гэтэл энэ онд Хятадын Коммунист намын 100 жилийн ой тохиож, түүнчлэн нүүрсний уурхайнуудад гарсан хэд хэдэн ослын улмаас төрийн байгууллагаас уурхайнуудад хяналт шалгалт хийж байна. Үүнээс үүдэн тус улсын нүүрсний олборлолт буурахад хүрсэн юм.

Одоогоор Хятад улсад нүүрсний нийт 4700 уурхай үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тус бүр жилд 1.1 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай.   

 

Эх сурвалж: www.mongolianminingjournal.com Э.Од