Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Чойрын чиглэл дэх 407 замыг “Баян зам хоршоо” гэх ТББ-д шилжүүлсэн гэрээ нь хууль бус гэж үзэж буйгаа Авто замын мэргэшсэн инженер Ж.Энхбат мэдэгдлээ.
Тус зам дээр QR код аваагүй бол улсын замаар зорчих эрхгүй болсон бөгөөд жолооч нараас хураамжийн мөнгө авч байна гэдгийг онцолсон юм. Өөрөөр хэлбэл, төрийн чиг үүргээс давсан хураамжийг жолооч нараас авч байгаа учраас долоо хоногийн дотор тус байгууллагатай хийсэн гэрээг цуцлахыг шаардаж, эс бөгөөс жолооч нарын эрх ашгийг хамгаалж шүүхэд хандана хэмээлээ.
Тэрбээр, “Энэ хууль бус гэрээг гуравдугаар сард хийсэн. “Баян зам” ТББ нь зам засвар, арчлалт хариуцсан нэрийн дор их хэмжээний мөнгө татан төвлөрүүлж байгаа. Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Чойрын чиглэлд тээвэрлэх нүүрс худалдан авах гэрээ байгуулсан тээвэрлэгч бүрээс 120 сая төгрөг, тээвэрлэлтийн тонн тутмаас 5300 төгрөг, нэг рейс тутмаас 444 мянган төгрөг, QR код олгох нэрийдлээр пост бүрээс зардал авч байна. Төрийн чиг үүргээс давсан эрх мэдэлтэй, хууль бус татвар хураамж тээвэрчдээс авч байна” гэв.
Засгийн газрын хууль болон зам тээврийн салбарын маш олон хууль тогтоомжийг зөрчсөн Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар энэ мэтээр удаа дараа зөрчил гаргаж байгаа бөгөөд нийт жолооч нарын эрх ашгийн өмнөөс гэрээг цуцлах шаардлагыг хүлээж авахгүй бол хуулийн байгууллагад хандах, улмаар Дарханы замыг ашиглалтад оруулаагүй зэрэг олон ноцтой асуудлыг хөндөнө гэдгээ Ж.Энхбат мэдэгдлээ. Харин Зам тээврийн хөгжлийн яам “Төрийн чиг үүргийн ажлыг ТББ-д шилжүүлсэн асуудал байхгүй. Ташаа мэдээлэл” хэмээн асуудлаас бултах гэж оролджээ.