Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар салбарын сайдууд мэдээлэл хийж байна. Тухайлбал, зам тээврийн салбарт гаргаж буй тогтоол, шийдвэрийн талаар Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар мэдээлэл өгөв. Тэрбээр, Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 416 км төмөр замын ажил амжилттай явж, төгсгөл шатандаа орж байна.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн чиглэлийн төмөр замын ажил ч 2022 оны долдугаар сарын 01 гэхэд дуусаж, хилийн өртөө нээгдэж, хөдөлгөөн эхэлнэ. 2019 оноос эхэлсэн хоёр ажил дуусаж байна. Дараа нь дөрвөн том төсөл байгаа. Зүүнбаян-Ханги мандалын боомт, Чойбалсан-Эрээнцав чиглэлийн 237 км замын ажил, Хөөт-Бичигт чиглэлийн зүүн босоо төмөр зам, Арц суурь-Шивээ хүрэн чиглэлийн 1280 км чиглэлийн баруун босоо төмөр замын ажлыг эхлүүлэх шийдвэр гарлаа.
УИХ-аар хэлэлцэж, бодлогын бичиг баримтад өөрчлөлт оруулснаар ажил эхлээд явна аа. Мөн олон жил ярьсан Богд хаан төмөр замын асуудал байгаа. Гүйцэтгэгч байгууллага тодорчихсон, ирэх долоо хоногт трассын асуудлыг ярина. Шинээр барих Богдхан төмөр замын тухайд цоо шинээр 135 км төмөр зам тавина. Зургаан зөрлөг, гурван өртөөтэй, 16.6 км урттай хоёр тунелтэй байх юм. Нийтдээ 19.3 сая куб/м-ийн газар шорооны ажилтай юм билээ.
Наймдугаар сардаа багтаагаад бүтээн байгуулалтын ажлаа эхэлнэ. Рашаант өртөөнөөс Богд уулын араар яваад Мааньт өртөө хүрэх ТЭЗҮ гарсан байгаа” гэлээ. Богдхан төмөр замын өртөөний тухайд 630-700 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай гэсэн шийдвэр гарсан бөгөөд ОХУ, Японы Засгийн газраас дэмжлэг авахаар ярьжээ. Гэхдээ энэ ондоо дотоод нөөц бололцоогоо ашиглан ажлаа эхлүүлэхээр болжээ. Гүйцэтгэгч компаниар "Тавантолгой төмөр зам" компанийг сонгож, урьдчилсан байдлаар таван жил эрхийг нь өгөөд байна гэлээ.