Сүүлийн саруудад манай улсад койн гаргаж олон нийтээс хөрөнгө татах үйлчилгээ өргөн тархаж иргэд койн худалдан авах, хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж байна. Төвлөрсөн бус системд суурилсан, дундын зуучлагчгүй бүтээгдэхүүн үйлчилгээ нь томоохон өөрчлөлтүүдийг авчирч, хязгаарыг тэлж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийг бий болгох боломжтой ч хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчид өөрсдийн хөрөнгө мөнгөө алдах, залилан, луйвар, гэмт хэргийн хохирогч болох, цаашлаад мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгт холбогдох аюултай талаар Санхүүгийн зохицуулах хорооноос удаа дараа анхааруулсаар ирсэн.
Тархмал бүртгэлийн системд суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээ нь дундын зуучлагчгүй хийгддэг, суурь эрсдэл өндөртэй үйлчилгээ бөгөөд одоогийн байдлаар манай улсад криптовалют, виртуал хөрөнгийн үйлчилгээ хяналт, зохицуулалтгүй буюу Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтын цар хүрээнд хамааралгүй болно.
Дэлхий дахинаа томоохонд тооцогдог Бинанс криптовалютын биржийн талаар Англи, Япон, Герман, Канад, Итали, Хонк Конг зэрэг улсууд анхааруулж, үйл ажиллагааг хориглосон. Түүнчлэн олон улсад виртуал хөрөнгийн үйлчилгээтэй холбоотой эрсдэлийн талаар Европын холбоо, АНУ, Англи, Австрали, Ирланд, Хонг Конг зэрэг оронд ард иргэдэд мэдэгдэж, дээрх төрлийн бүтээгдэхүүнүүд урьдчилан таамаглах боломжгүй, үнийн савалгаа ихтэй, ямар нэг баталгаагүй талаар байнга анхааруулж, сэрэмжлүүлсээр байна.
Зохицуулагч байгууллагуудаас гадна Олон улсын валютын сангаас крипто хөрөнгө нь үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хөндөх, үнийн савалгаа, залилан, цахим халдлага зэргээс шалтгаалж, хөрөнгө мөнгөө алдах эрсдэлтэй тухай мэдэгдсэн.
Санхүүгийн зохицуулах хорооноос ч Та бүхнийг өндөр ашиг, үр өгөөж амласан зохицуулалтгүй криптовалют, биткойн, виртуал хөрөнгөтэй холбоотой аливаа үйл ажиллагаанаас болгоомжилж, өөрийгөө эрсдэлээс хамгаалахыг анхааруулж байна. Эдгээр үйл ажиллагаа нь төрийн хяналт, зохицуулалтгүй тул иргэд, олон нийт оруулсан хөрөнгөө алдах, хохирогч болох тохиолдолд үйлчлүүлэгч, хөрөнгө оруулагчдыг хамгаалах тогтолцоогүй бөгөөд эдгээр үйл ажиллагаанд хөрөнгө оруулсан тохиолдолд ирээдүйд учирч болзошгүй эрсдэл, хохирлыг иргэн өөрөө бүрэн хариуцахыг анхааруулж байна.
Санхүүгийн зохицуулах хорооноос өмнө гаргасан мэдэгдлүүдтэй дараах холбоосоор танилцана уу:
- Сэрэмжлүүлэг
- Сэрэмжлүүлэг
- Залилан мэхлэх гэмт хэргээс болгоомжил
- Мэдэгдэл
- Мэдэгдэл
- Зөвлөмж
- Анхааруулга
- Санхүүгийн луйвраас та сэргийлж чадах уу
- Мэдэгдэл
- Анхааруулга
- Сэрэмжлүүлэг
- Бинанс биржийн үйл ажиллагааг зарим улсад хоригложээ