ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

З.Мэндсайхан: Гадны зочдод бэлэглэх үндэсний брэнд бүхий бэлгийн багц бэлтгэж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-08-27

Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар, Элчин сайдын яамдууд гадны зочид, төлөөлөгч нарт зориулж бэлэг өгөх шаардлага гардаг билээ. Улсаа төлөөлж өгч байгаа бэлэг учраас Монголоо сурталчлахуйц, үндэснийхээ онцлог шинжийг илэрхийлсэн, чанарын шаардлага хангасан байх талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан ярилцсан аж. Үүнийг ажил хэрэг болгохоор ажлын хэсгийг байгуулж, үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдээсээ бүтээгдэхүүний дээж, танилцуулгыг нь авч эхэлсэн талаар З.Мэндсайхан сайд мэдэгдлээ. 

Нийт 22 үйлдвэрлэгч ноос, ноолууран, арьсан, архи гээд төрөл бүрийн бүтээгдэхүүний танилцуулга, үнийн саналаа ирүүлсэн аж. Энэ нь хараахан тоо хэмжээний шаардлага хангахгүй байгаа учир үндэсний үйлдвэрлэгчдээсээ нэмж саналыг нь авах хэрэгтэй байгааг салбарын сайд нь дуулгалаа.

Нэгдсэн шаардлага бүхий бэлгийн багц гаргаж гадныханд өгөх нь нэг улсынхаа онцлогийг сурталчлах, нөгөө талдаа дотоодын үйлдвэрлэгч нарынхаа бизнесийг тодорхой хэмжээнд дэмжих гээд олон давуу талтай учраас үндэсний үйлдвэрлэгч нараа энэхүү ажилд идэвхтэй оролцож, бүтээгдэхүүний саналаа ирүүлэхийг уриаллаа.