Энэ оны ургацын урьдчилсан балансаар 594 мянган тонн үр тариа, үүнээс 559 мянган тонн улаанбуудай, 198 мянган тонн төмс, 117 мянган тонн хүнсний ногоо, 64 мянган тонн тосны ургамал, 203 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарчээ.
Үүнээс 2021 оны тариалалтад зориулан аж ахуйн нэгж, иргэд өөрсдийн хэрэгцээнд 50.8 мянган тонн улаанбуудайн үр нөөцлөх бөгөөд үрийн зориулалтаар 19.8 мянган тонн, тэжээлд 36.7 мянган тонн, спиртийн үйлдвэрт 25.1 мянган тонныг тус тус зарцуулахаар санал ирүүлснээр гурил үйлдвэрлэлд нийтдээ 426.8 мянган тонн буудай нийлүүлэгдэх төлөвтэй байгаа аж.
Гэхдээ таримлын болц, цаг агаарын төлөв байдал, ургацад хийсэн эрсдэлийн үнэлгээтэй уялдуулан урьдчилсан балансаар гурил үйлдвэрлэлд нийлүүлэгдэх боломжтой 426.8 мянган тонн буудайн хэмжээг 20 хувиар бууруулж тооцвол гурил үйлдвэрлэлд 341.4 мянган тонн буудай нийлүүлэгдэхээр байгаа юм. Ингэснээр улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдэхээр байгаа гэдгийг салбарын сайд онцоллоо.
Мөн цаг агаарын урьдчилсан мэдээгээр есдүгээр сарын эхээр тариалангийн бүс нутгаар үргэлжилсэн аадар бороо орж цочир хүйтрэх төлөвтэй байгаа аж. Тиймээс ургацыг хүйтрэлтээс хамгаалах, техникийн бэлэн байдлыг хангах, хаягдалгүй хураах технологийг боловсруулж тариаланчдад хүргэх, төмс, хүнсний ногооны борлуулалтыг дэмжих, ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй, шуурхай зохион байгуулахад холбогдох төрийн байгууллагуудын оролцоо, ажлын уялдаа холбоог хангаж ажиллахад анхаарч байна гэсэн юм.