ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ил тод байдлын хүрээнд 6.2 тэрбум төгрөгийг хэмнэж чаджээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-09-25

Уул уурхайн салбарын ханган нийлүүлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах, маркетинг, худалдааны таатай орчныг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулдаг "Mонголиа Майнинг" олон улсын уул уурхайн үзэсгэлэн "Буянт-Ухаа" спорт цогцолборт үргэлжилж байна. Энэ удаагийн үзэсгэлэнд уул уурхайн тоног, төхөөрөмж нийлүүлдэг гадаад, дотоодын 130 гаруй компани оролцож бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа юм.

Үзэсгэлэнгийн үеэр уул уурхайн салбарын дэлхийд тэргүүлэх технологийг дэлгэн танилцуулахаас гадна эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, холбогдох хуулиуд, Монгол Улсад хэрэгжих уул уурхай дэд бүтцийн төслүүдийн тухай илтгэл, хэлэлцүүлгүүд явагдаж байна. Энэ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Худалдан авах ажиллагааны газар оролцож,  Худалдан авалтын хэлтсийн дарга Б.Отгонжаргал ““Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Худалдан авах ажиллагааны бодлого, ил тод байдал” сэдвийн хүрээнд илтгэл тавьлаа.

Илтгэлээр компанийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тендер шалгаруулалт, худалдан авах ажиллагааны зарчим болон дотоодын үйлдвэрлэгчдийг хэрхэн дэмжин ажилладаг тухай танилцуулав. Тухайлбал, 2021 оны 3 дугаар улирлын байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 44.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 221 бараа, ажил үйлчилгээг 38.7 тэрбум төгрөгөөр худалдан авч 6.2 тэрбум төгрөгийн хэмнэлтийг гаргасан байна. Мөн дотоодын үйлдвэрлэгчдээс нийт 1,336,948.34 мянган төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авчээ.