Өчигдөр шөнө буюу 05-ны шөнийн 22.00 цагийн орчим “Сод монгол” компанийн албан ёсны тамгатай бичиг сошиал орчинд цацагдсан бөгөөд “Шатахуун дахин тасрах учраас тодорхой цэгүүдээс түгээлт хийхийг үүрэгдэж байна” гэсэн бичиг цацагдсан юм. Тэгвэл үүний дараа шатахуун түгээх станциудад дахин уртаас урт очер үүсэж эхэлсэн билээ.
Энэ даруй Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны сайд Г.Ёндон “Улаанбаатарт шатахууны 5 хоногийн ердийн хэрэглээний нөөц бий. Мөн ОХУ, Хятадаас шатахуунууд ирж байгаа. Өнөөдөр ААН-үүдтэй уулзсан. Ямар нэгэн хязгаарлалт явагдахгүй. Улс төрийн зохион байгуулалт ч байж болох юм. ААН-үүдийн захирлуудаас шатахууны нөөц үлдэгдлийг нь асуусан. Тэгж байж энэ тав хоног гэдэг тоог гаргаж байгаа. Тиймээс иргэд хомстол үүснэ гэж айх шаардлагагүй” хэмээн мэдэгдэв.
Тэгвэл Г.Ёндон сайдын үгэнд дурдагдсан улс төрийн шалтгаан юу байсныг олон нийт хайж эхлэв. Бусад бүх компаниуд нөөц хэвийн гэж мэдэгдэж байхад яагаад ганцхан “Сод монгол” компаний тамгатай бичиг алдагдсан нь олон хүнд эргэлзээ төрүүлсэн билээ. Тэгвэл тус компани нь онгоцны шатахууны зах зээлд дангаар оролцож байсан бөгөөд Хөшигийн хөндийн онгоцны буудалд энэ гэрээгээ хамгаалж үлдэх гэсэн улс төрөөс үүдэж, Засгийн газарт шантааж үзүүлсэн үү гэх таамаг ч өрнөж байгаа юм. Гэтэл тамгатай бичгээ санаандгүй алдчихсан гэх “Сод монгол” компани энэхүү бичгийн араас манай нөөц хэвийн байгаа хэмээн мэдээлэл хийлээ. Угтаа шатахуунаар далимдуулсан шантааж, төрийг муухай харагдуулах гэсэн улс төр нэгэнт яваад эхэлжээ. Монголд үйл ажиллагаа явуулж буй томоохон импортлогч компаниудын мэдэгдлийг уншигч танд хүргэе.
Шунхлай групп
-Шунхлай ШТС-ууд Аи92 автобензин, шатахууныг хязгаарлалтгүйгээр хэвийн борлуулж байна.Цахим орчинд тархсан мэдээллээс шалтгаалан өдөр тутмын борлуулалт хэвийн хэмжээнээс хэт давж, агуулахаас дараагийн татан авалт хүртэл бараагүй болох буюу зарим ШТС-ын нөөц түр хугацаанд дуусч байгаа ч бид хэрэглэгч Та бүхэндээ шатахууныг тасалдалгүй, хүндрэл учруулалгүй үйлчлэхээр хичээн ажиллаж байна.
"Мон суль" ХХК
-Манай бүх ШТС-ууд 24/7 горимоор автобензинийг хязгаарлалтгүй хэвийн олгож байна. Оочер дараалал их байгаа тул хэрэглэгч та бүхэн бие биедээ хүндэтгэлтэй хандан соёлтой үйлчлүүлнэ үү. Баярлалаа.
"Содмонгол" групп
-2021 оны аравдугаар сарын 5-ны өдрийн орой нийгмийн сүлжээгээр тус компанийг бензиний хязгаарлалт хийж эхэлж байгаа тухай худал мэдээлэл явж, үйлчлүүлэгч олныг төөрөгдүүлэн, ШТС-ууд дээр шаардлагагүй дараалал үүсгээд байна.
Тус компанид бензин шатахууны нөөц хэвийн хэмжээнд, хүрэлцээтэй байгаа бөгөөд бензин шатахууны түгээлтэндээ ямар нэгэн хэмжээ тогтоогоогүй, хэвийн горимоор түгээн борлуулж байгаа болохыг үйлчлүүлэгч, харилцагч та бүхэндээ үүгээр мэдэгдэж байна.
"Магнай трейд"
Аравдугаар сарын 05-ны оройноос эхлэн дахин шатахууны хомсдол үүснэ гэсэн үндэслэлгүй мэдээлэл цахим орчинд иргэдийн дунд тархаж шатахуун түгээх станцууд дээр дараалал үүсээд байна. МТ группын хувьд өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд тав хоногийн шатахууны нөөцтэй байгаа ба БНХАУ, ОХУ-аас тодорхой хэмжээний нөөц бүрдүүлэх ажлууд хийгдэж байгаа тул эрхэм хэрэглэгч Та бүхнийг зохиомол хомсдол үүсгэлгүй үйлчлүүлэхийг хүсье.
Хэрэглэгчдийн үүсгэж буй гэнэтийн эрэлт ШТС-уудын өдөр тутмын борлуулалтын хэвийн хэмжээнээс давж байгаа нь дараагийн татан авалт хүртэлх хугацааны тооцоолсон нөөц дуусах, мөн агуулахаас ШТС бүрт татан авалт хийхэд хүндрэл учруулж байна. Бид хэрэглэгч Та бүхэндээ шатахууны тасалдалгүй, хүндрэл чирэгдэл учруулалгүй хэвийн үйлчлэхээр хичээн ажиллаж байна.