Улсын баяр наадамд өнөө жил түрүүлсэн улсын аварга Н.Батсуурь энэ өдрүүдэд ярианы сэдэв болж байна. Улсын наадамд түрүүлсэн бөх ерөөс дараа жилийн наадам хүртэл ярианы сэдэв байдаг жамтай. Гэхдээ мань эр Онцгой байдлын албанд дөрвөн жил зүтгээд л дэд хурандаа цол хүртсэн нь бүр ч том сэдэв болж эхэллээ. Түүнийг улсын аварга гэхээсээ илүүтэй хурандаа Н.Батсуурь гэж дуудах болох нь.
Ингэж хэл аманд өртөн барин дэд хурандаа болж яана. Яршиг, тэр цолыг нь буцаагаад өгчих. Тэртээ тэргүй Н.Батсуурь аварга гал сөнөөгчидтэй хамт яваад, түймэр унтраагаад, аврагчидтай цасан шуурга, усан борооноор явж, хүний амь аврахгүй нь ойлгомжтой. Юу дутсан гэж дэд хурандаа цол авдаг юм. “Би энэ салбарт зүтгэж, ард иргэдийн төлөө амь хайргүй тэмцэж байгаа аврагчдынхаа хөдөлмөрийг хүндэтгэж байна” гэж хэлээд л буцаагаад өгчих. Мэдээж өөр цэрэг, цагдаагийн цол авсан тамирчид, дуучид гээд олон л “хувалзнууд” бий. Тэднийг ч гэсэн цолоо өг гээд уриалчихаач.
Дээрээс нь Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтэст ажилласан нэр зүүж, сул цалин авдаг хэл аманд ороод байна. Тэр албанаасаа ч гэсэн халагдах өргөдлөө өгөөд гарчих хэрэгтэй. Юу дутсан гэж нэг аймгийн Онцгой байдлын хэлтэст бүртгэлтэй байж, төрийн албан хаагчийн цалин “хусах” гээд байгаа юм. Тэр байгууллагад сурталчилгаа хэрэггүй. Харин нэг ч болов жинхэнэ албан хаагч, хүний амь аврах аврагч хэрэгтэй. Орон тоо нь хангалттай байдаг бол тэр илүүдээд, бөхөд өгөөд байгаа цалингаа амиа хайрлахгүй тэмцэж байгаа аврагчдад хуваагаад нэмэгдэл болгоод өгчих хэрэгтэй шүү дээ.
Тэртээ тэргүй улсын аварга цолонд хүрчихсэн, шагнал урамшууллаар хахаж байгаа хүн аймгийн Онцгой байдлын хэлтсийн аврагчийн цалингаар дутахгүй. Улсын наадамд түрүүлэхэд өгдөг шагнал ямар билээ. Шинэ жийп машин, 15 сая төгрөг. Зөвхөн наадмын түрүү бөхийн бай. Цаашлаад нутгийн зөвлөлийн болон бизнесмэнүүдийн шагнал нэмэгдэнэ. Бас л жийп машин, 4 өрөө байр өгсөн гэнэ билээ. Цаашлаад барилдах болгондоо нэрийг нь гаргаж сурталчилдаг “Химон констракшн” ХХК-иас нь 11 өрөө хаус бэлэглэсэн. Жаахан будилуу хүн гэртээ төөрөөд, Онцгой байдлынхныг дуудмаар байшинтай боллоо.
Өмнө нь түрүүлж байхад бас л үй олон өрөө байр бэлэглэж байсан юм даг. Хэн нэгэн нь тэр байраа зарж, бусдад хандив өгөхөөр боллоо гээд дамшиглачихсан чинь аварга тэр дор нь мэдэгдэл хийж, байраа зарахгүй гэдгээ мэдэгдэн сандарч байсан санагдана. Энэ бүх шагналынхаа нэгийг нь зарахад л Онцгой байдлын хэлтэст насаараа ажилласан хүний цалингийн дайтай мөнгөтэй болчихоор хөлжчихлөө. Тийм байтал татвар төлөгчдийн мөнгөнөөс “хумсалж”, нэр нүүрээ барж яана вэ. Зүгээр л халагдах өргөдлөө өгчих нь зүйтэй.
Тэр цалингаар үнэхээр дутах гээд байвал нутгийнхаа улстөрчид, бизнесмэнүүдээс гуйчихаа ч. Том том компанитай, бизнестэй Увс аймгаар овоглодог олон л бизнеэсмэн байна. Ерөнхий сайд, Сангийн сайд байсан ч хүн байна. Сангийн сайдаар ажиллаж байгаа ч хүн бий. Барилга барьдаг ч хүн байна. Чацаргана тарьдаг нь ч бас байгаа. Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтсээс гарчихлаа, танай компанийн нэр дээр барилдая. Сардаа ганц сая төгрөгийн цалин өгчих гэхэд хэн нь ч гар татахгүй л байх.
Бүр муухайгаар ярьвал ганц жил начин юм уу, заан төрүүлчихгүй юу. Хуруугаа гозойлгохгүйгээр эртхэн тохирчих хэрэгтэй. Тэгээд л Онцгой байдлын албанд гурван үеэрээ үнэнч зүтгэсэн хүмүүсийн авах цалингийн хэмжээний мөнгө олчих байлгүй дээ. Бөхчүүд нь өөрсдөө хэр хэмжээний мөнгөний төлөө хуруугаа гозойлгодог талаараа ярьдаг л юм билээ. Тэр хэмжээнд нь дүйцүүлбэл Онцгой байдлын хэлтсийн аврагчийн цалин инээдэм төдий байх.
Н.Батсуурь аварга аа, та зоригтой шийдвэр гаргаад, үлгэр дууриалал үзүүлчих. Цолоо буцааж өгөөд, аврагчдад амжилт хүсээд, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтсийг ч тайван орхи. Бусдыгаа ч цолоо өг гэж уриал. Бөх нь начин, харцага, заан, гарьд, арслан, аварга цолоо авъя. Цэрэг, цагдаа, Онцгой байдлынхан нь ахмад, хурандаа, генерал цолоо аваг.