ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

З.Мэндсайхан: Түргэн мууддаг хүнсний ногоог төмөр замаар татан авна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-10-27

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний импорт, инфляцид үзүүлэх нөлөөллийн талаар танилцууллаа. Үүнтэй холбогдуулан импортоос хэт хамааралтай хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, татан авалт, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт даалгалаа.

Цар тахлын үед хүнсний бүтээгдэхүүний ачилт, тээвэрлэлт, хилээр нэвтрүүлэх үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах, түргэн гэмтэж мууддаг хүнсний ногоог төмөр замаар татан авах боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд болон Гадаад харилцааны сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд нарт үүрэг болгожээ.  

З.Мэндсайхан сайд ярихдаа "Энэ жил махны үнийг тогтвортой байлгах бодлого зайлшгүй шаардлагатай байна. Иймд махны экспортыг хязгаарлаж, он дуустал мал, мах гаргахгүй. Мөн ургац сайн байгаа. Одоогийн байдлаар ургац хураалт 80 гаруй хувьтай явж байна. Нийт 480 орчим мянган тонн үр тариа хурааж авсан.

Энэ жил тариалалт нэмэгдсэнтэй холбоотойгоор  гурилын үйлдвэрүүдэд улаан буудайн илүүдэл гарч байгаа. Иймд 100-150 мянган тоннтой тэнцэх шаардлага хангасан улаан буудайг буюу илүү гарсан нөөцийг Засгийн газар эх үүсвэр гарган худалдан авч, газар тариалангийн үйлдвэрүүдийг дэмжих шийдвэр гаргалаа" гэсэн юм.

Хэрэглээний үнийн сагсыг бүрдүүлдэг 185 бүтээгдэхүүний 78 хувийг Эрээн-Замын-Үүд боомтоор импортолдог. Эрээн-Замын-Үүд автозамын боомтоор нэвтрэх хүнсний импортын ачаа тээвэр 7-30 хоног доголдоход инфляц 0.4-1.1 нэгжээр өсөх, төсвийн орлого 15-60 тэрбум төгрөгөөр буурах, импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ 1.3-7.1 хувь өсөхөөр байна.

Хүнсний гол нэрийн импортын бүтээгдэхүүний татан авалт, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан бөгөөд Эрээн хотод тогтоосон хязгаарлалтын бүсийн гадна байгаа хүнс, эм, эмнэлгийн хэрэгслийг төмөр зам болон бусад автозамын боомтоор нэн яаралтай татан авах зохицуулалтыг хийж байгаа ажээ.