ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

МАН-ын бүлэг өнөөдөр эдийн засгийн чиг баримжаагаа зарлана

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-11-08

У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа “Өнөөдрөөс эхэлж чөлөөт эдийн засаг гэж байхгүй” гэж хэлэхэд нь Монголын хувийн хэвшлийнхэн цочирдон хүлээж авсан ч, үг яриа хальтирсан байлгүй дээ гэж өөрсдийгөө тайтгаруулаад өнгөрсөн. Зах зээлд шилжсэн 30 жилийн хугацаанд хувийн хэвшлээ 30 гэр бүл, 300 гэр бүлээр нь ангилж, олигархи, монополиор нь цоллон иргэдээр үзэн ядуулсан ийм хачин дээрэнгүй хандлага нэг нам засгийн эрхийг авснаас хойш яван чангараад байгаа нь түгшүүртэй. Уг нь баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхэн МАН-ыг олонхи болсныг олноор дэмжиж, “Олон жил талцал, хэрүүлээс болж гацсан, зогссон төслүүд хөдөлж, ёстой л хүчээ нийлүүлэн хөгжүүлэх нь дээ” гэж найдаж байсан юмсан.

Өнөөдөр жишээ нь, УИХ дахь МАН-ын бүлэг буюу эрх баригчид Монголын эдийн засагт ямар чиг баримжаатай явахаа тодорхойлох гэж байна. Өнгөрсөн 7 хоногт УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханы өргөн барьсан Жолоочийн даатгалын хуулийг шинэчлэн найруулах төслийг шууд хэлэлцээд явахад МАН-ын бодлоготой нийцэж байгаа эсэх нь эргэлзээтэй байсан учраас УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн зарчмын санал гаргаж завсарлага авлаа. Хувийн хэвшлийнхэн 10 жил хэрэгжүүлсэн сайн туршлагыг нэг л өдөр төрд авна гэх санаархал МАН-ын бодлого мөн биш нь намын бүлгээр хэлэлцэгдэх юм байна.

Ам нээх бүртээ “либерал бодлого хэрэгжүүлнэ, төр бүх бизнест оролцож өмнүүр нь булааж хийдгийг болиулна” гэж хэлдэг Засгийн газрын тэргүүн, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн амлалтууд бодит байдал дээр эсрэгээрээ эргэж байгааг сүүлийн хэд хоногийн үйл явдал бэлхнээ харуулсан нь тэр. Намынх нь удирдлагуудын нэг, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан даатгалын салбарт төрийн хэт оролцоог дэмжсэн хуулийн төсөл өргөн барьж, ингэхдээ хэлэлцэх асуудлын очер дайруулан оруулж ирэн Төрийн ордонд түрэмгийлсэн нь цочирдом үйл явдал боллоо.

Засгийн газар нь Төрийн өмчийн багц хуулийн төслийг боловсруулж авлига, хүнд суртал, чирэгдлийг арилгаж, төрийн хэт оролцоог бизнесээс холдуулж, чөлөөт эдийн засгийг дэмжинэ гэж сүүлийн хоёр жил ярьсан. Төслөө төсвийн хуулийн дараа оруулж ирэхийг УИХ-ын дарга Г.Занданшатар чиглэл болгочихсон байдаг. Хууль зүй, дотоод хэргийн сайд нь хувийн эрх зүйн шинэтгэлийг эхлүүлж, бизнесийн эрх зүйн орчныг сайжруулна гэдэг бодлогоо танилцуулчихсан. Удахгүй Төрийн ордонд томоохон хэлэлцүүлэг хийж, унаад байгаа нэр хүндийг аврах гээд байдаг. Ийм эгзэгтэй цаг үед өнөө Алсын хараа-2050 байтугай, одоогийн Засгийн болон МАН-ын бодлогоос тас зөрсөн, төрд бүхнийг авах гэсэн коммунист шинжтэй хуулийн төслийг УИХ-ын дэд дарга нь яаран оруулаад ирж байгаа нь хатуухан хэлэхэд Л.Оюун-Эрдэнийн лидер биш гэдгийг, зөөлрүүлээд хэлэхэд төр нэгдсэн бодлогогүй байгааг харуулсан үйл явдал боллоо.

COVID-19 цар тахлын хоёр жилд Монголын олон аж ахуйн нэгж, иргэдийн бизнес нурж, орлого тасалдсан. УОК, Засгийн газрын дэглэмийн оновчгүй зохицуулалтын балгийг давж гарсан салбар даатгалынх. Гэтэл COVID-19 унагаагүй даатгалын салбарыг төр нь унагааж сүйтгэх хуулийн төслийг Т.Аюурсайхан оруулаад ирсэн нь хаанахын бодлого вэ. Энэ салбарт Монголын 330 суманд хүрч ажилладаг 5000-аад ажилтан бий.

Эндээс албан журмын даатгалтай шууд холбогдож 2000 нь ажилладаг. 2011 оноос хойшхи 10 жилд бойжуулсан хувийн хэвшлийн үйл ажиллагаа, 14 даатгалын компани, тэдгээрийн бий болгосон дэд бүтэц, нийт ажиллагсад, даатгагч, даатгуулагч, хохирол үнэлэгч, даатгалын төлөөлөгч, даатгалын зуучлагчдын хийж байгаа ажлыг төр булааж, даатгалын компаниудын шуурхай алба, цахим даатгал, бүртгэлийн цахим систем зэргийг огт оргүй болгож сөнөөх нь Засгийн газрын, МАН-ын бодлого мөн үү. Энэ хэмжээний ачааллыг төр өөрөө дааж, шинээр хийж, үйлчилгээний хүртээмжээр иргэдийг чирэгдүүлэхгүй байж чадахгүй. Цомхон төр гээд байсан яасан, дахиад л татвар төлөгч, даатгуулагчдын мөнгөөр Албан журмын даатгалын корпораци, сангийн баахан ажилтнуудыг цалинжуулж, нөхөн төлбөрөө авахын тулд тэднийг царайчилж гүйх юм уу.

2011 онд анх хууль гарахад нөхөн төлбөрийг эхлээд 30 хоногт шийддэг байсан бол дараа нь 14, тэгээд 7 хоног, улмаар гурав хоногт багтаан шийддэг, одоо өдөрт нь шийддэг болсон амжилтыг төрд авснаар нөхөн төлбөрөө авах гэсэн иргэд төрийн албан хаагчийн үүд сахиж, царайчилдаг байдал руу буцаж орно. Мөргөлдсөн жолооч нар нь зам дээр заамдалцаж, зодолддог. Хэн цагдаад танилтай нь асуудлаа өөрт ашигтайгаар шийдүүлдэг шударга бус тогтолцоо руугаа ухарна.

Энэ байдлыг засах гэж, төрд цугларсан утгагүй ачааллыг багасгах гэж, жолоочийн буруугаас хохирсон иргэдийн өмчийг хамгаалах гэж, даатгуулагчийн эд хөрөнгийн эрсдэлийг үүрүүлэх гэж хувийн хэвшилд албан журмын даатгалыг хариуцуулсан. Дэлхийн бүх улс арилжааны даатгалд хариуцуулсан, ингэж туршаад шалгараад хэвшчихсэн ойлголтын таг эсрэг явдаг Т.Аюурсайханы зүүн мөрөн дээрээс нь хэн “Төрд ав, гоё шд” гээд шивнэчихсэн юм бол доо.

Хэрэв жолоочийн албан журмын даатгалыг төр хариуцна гэвэл иргэнд үйлчилгээний сонголт өгөхгүй. Төр үнээ өөрөө тогтоогоод, өөрөө хурааж аваад, нэг л хэвийн үйлчилгээ үзүүлнэ. Гэтэл одоо бид даатгалаа голж шилэх эрхтэй, дургүй хүртэл солих, дур татагдвал сонгох эрхтэй байна. Даатгалынхан тариф, үйлчилгээний чанар, шинэлэг бүтээгдэхүүнээрээ хоорондоо өрсөлддөг, даатгуулагч таны араас “Манайхыг сонгооч” гэж өөрсдөөгүйдэг. Харин төр бол тэгэхгүй. Даатгалаа хатуу авна, өгөхгүй бол таныг торгоно. Саяхан л Нийгмийн даатгалын сан, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан, Боловсролын зээлийн сангаас улстөрчид хэрхэн өөрсдийгөө тэжээж, хэрхэн хамаатан саднаараа татвар төлөгчдийн мөнгөнөөс хулгайлж суудгийг бид хараа биз дээ. Төрийн оролцсон салбарт авлига, хүнд суртал, зардал нэмэгддэг учраас л бид өнөөдөр дүгнэлт хийж дижитал шилжилт хийх, хувьчлах, бусдаар гүйцэтгүүлэх, чаддагт нь өгөх тухай ярьж байгаа юмсан.

10 жил тогтвортой үйлчилсэн Жолоочийн даатгалын болон бусад хуульд эргэж харах, сайжруулах зүйл байгаа. Даатгалын компаниуд ч даатгуулагчдын үгийг сонсч, үйл ажиллагаандаа дүгнэлт хийх цаг болсон. Намын улс төрийн шийдвэр гарсны дараа УИХ-ын чуулганы хуралдаанаар Т.Аюурсайхан нарын өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийднэ. Хэлэлцэх бол ажлын хэсэг дээр, хэлэлцэхгүй бол нухацтай ярьж дүгнэх асуудал байгаа нь л өнөөдрийн болж байгаа үйл явдлын илрэл юм даа. Ер нь бол улс төрийн оролцоо, хамааралтай даатгалын тогтолцоо өнгөрсөн хугацааны бодлогын алдаа байсан нь нотлогдож сүүлийн хоёр ч удаагийн сонгуулиар намууд иргэндээ ээлтэй даатгалын системийг бий болгох тухай л амалж байна.

Хувийн тэтгэврийн сан байгуулъя, тэтгэврээ өвлөгддөг болгоё, нийгмийн даатгалын хуулиа өөрчилж хувийн хэвшилтэй уялдуулъя, эрүүл мэндийн даатгалаараа хувийн эмнэлгээс үйлчилгээ авъя гэсэн концепциуд ярьж байгаа. Насаараа цалингаасаа суутгуулсан хэрнээ улсын эмнэлгээс олигтой үйлчилгээ авч чаддаггүй, тэтгэврээ багаар тогтоолгож, өгөөж хүртэж чаддаггүйн дампуурал төрийн оролцооны л буруу. Одоо тэд жолоочийн даатгал руу хүчээр орох гэж байна. Гэхдээ энэ парламентад эрүүл дуу хоолойтой гишүүд бас байна. Харин тэднийг сонсох, аж ахуйн нэгжүүдийнхээ үгийг хүлээн авах чадавх УИХ-д байна уу.

Л.Элбэгсайхан