ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Алтанхуяг: Норм, нормативын баримт бичгийг mcis.cov.mn сайтаас үнэгүй хэвлэж авах боломжтой

O.Admin
2021-11-09

Барилгын норм, нормативын цахимжуулалтын талаар Барилгын хөгжлийн төвийн Норм, нормативын хэлтсийн дарга Д.Алтанхуягаас тодрууллаа.

-Барилгын салбарын батлагдсан норм, нормативын цахимжуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улсын Засгийн газраас Төрийн үйлчилгээг  цахимжуулах бодлогыг баримтлан ажиллаж байна. Энэ зорилгын хүрээнд Барилгын салбарын олон үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж байна. Үүний нэг нь  Барилгын нэгдсэн мэдээллийн систем буюу MCIS.GOV.MN сайтад  Монгол Улсад мөрдөгдөж байгаа барилгын салбарын бүхий л норм нормативын баримт бичгийг байршуулаад байна.   Салбарын инженер, техникийн ажилтан, оюутан залуучууд орон зай хамаарахгүйгээр  байгаа газраасаа энэхүү цахим мэдээллийн санд нэвтрэн орж Монгол Улсын норм нормативын баримт бичигтэй танилцан, ажилдаа, хичээлдээ ашиглах боломжтой.  Цахим мэдээллийн санд норм, нормативын баримт бичгүүд, хууль эрхзүйн баримт бичгүүд,  статистик үзүүлэлт, холбогдох ном, товхимол зэргийг багтаасан дөрвөн дэд хэсэгт мэдээллийг багцалж оруулсан байгаа.

-Одоогийн байдлаар Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хэчнээн норм, норматив байна вэ. Цахим мэдээллийн сангаас норм нормативын баримт бичгүүдийг  бүрэн эхээр нь үзэх боломжтой юу?

-Монгол Улсын барилгын салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа нийт 403 норм, нормативын баримт бичиг байна. Эдгээр норм нормативын  баримт бичиг  бүрэн эхээрээ цахим мэдээллийн санд байршсан. Тодруулбал, норм нормативын код, нэршил, Барилга, хот байгуулалтын сайдын хэдэн тоот тушаалаар хэдэн онд батлагдсан бэ гэх зэрэг мэдээлэлтэйгээ  байршиж байна. 
“Бичиг баримт” гэсэн гарчигтай дэд бүлэг рүү нэвтэрч, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа норм нормативын баримт бичгүүдтэй  танилцах боломжтойгоос гадна  шинээр батлагдсан болон архивын мэдээллүүдийг үзэж болно.  

-Энэ цахим систем нь өмнөхөөсөө ямар давуу талтай вэ? 

 -Ишлэлд дурдагдсан норм норматив баримт бичгүүдийг багтааж өгснөөрөө давуу талтай. Тухайн норм нормативын өмнөх ишлэлд ашигласан норм нормативуудын баримт бичгийн код дээр дарж ороод шууд үзэх боломжтой. 
Мөн норм нормативыг үнэгүй үзэж танилцахаас гадна хэвлэж авах боломжтой. Харин татаж авахад тодорхой хураамж төлнө. Мөн барилгын норм, нормативтой холбогдолтой ном товхимлуудыг цахим хэлбэрээр байршуулсан. Жишээлбэл,  “Инженерийн халаасны ном- I,II, III, IV”  боть, барилгын салбарт мөрдөгдөж буй хууль эрхзүйн эмхэтгэлүүдийг цахимаар байршуулсан гээд норм, нормативын тухай бүхий л мэдээллийн нэг дор багтааснаараа ач холбогдолтой юм. 

-Барилгын материалын үнийн индексийн судалгааг танайхаас гаргадаг. Энэ судалгааг цахим мэдээллийн сангаас үзэх боломжтой юу?

 -Тийм. “Статистик дата” хэсэгт төсөвт үнэ бүрдэлтэд хэрэглэж байгаа барилгын материалын үнийг бид улирал болгон шинэчилж гаргадаг. Мөн үнийн индексийг тооцдог программ энэ хэсэгт байгаа. Цаашид улирал бүр материалын үнийн өөрчлөлтөөс хамаарч индексийг тооцож гаргана.

Мөн  салбарын нийт арван орон тооны бус мэргэжлийн зөвлөл байдаг. Үүний найман нь Барилгын хөгжлийн төвийн дэргэд үйл ажиллагаагаа хэрэгжүүлэн ажиллаж байна.  Инженер, геологийн орон тооны бус мэргэжлийн зөвлөл,  Барилгын үйлдвэрлэл, зохион байгуулалт, технологийн орон тооны бус мэргэжлийн зөвлөл, Барилгын материал, барилгын механикжуулалт, Өндөр барилга, Газар хөдлөлт, Төсөвт үнэ бүрдэлт, Инженерийн шугам сүлжээ, Барилгын бүтээцийн орон тооны бус зөвлөл гэсэн найман зөвлөл байна. Цахим мэдээллийн сангийн норм, нормативын хэсгээс эдгээр  мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүнд ямар ямар мэргэшсэн, зөвлөх инженерүүд ажилладаг, мэргэжлийн зөвлөлийн хурлаар ямар асуудлуудыг хэдэн сарын хэдэнд хэлэлцүүлсэн, ямар шийдвэр гарсан гэдэг мэдээллийг тогтмол оруулж мэдээлж байх болно. 

- Шинээр боловсруулагдаж байгаа норм, норматив дээр иргэдийн санал хүсэлтийг хэрхэн авах вэ?

 -Шинээр боловсруулагдаж буй норм, нормативын баримт бичгийн төсөл дээр иргэд болон салбарын төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн инженер техникийн ажилчдаас тогтмол саналыг авч тусгадаг. Үүний нэг хэлбэр нь цахим сайтаар авч байгаа юм. Тодруулбал, одоо Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм болон Барилга байгууламжийн аюулгүй байдлын техникийн зохицуулалт гэх мэт норм нормативын төсөл дээр санал авч байна. Санал өгөх хэсэгт дарж орсноор шинээр боловсруулагдаж байгаа норм, нормативын төслийн бүрэн эхтэй танилцаад саналаа өгөх боломжтой.

Мөн барилгын мэдээллийн системд шинээр батлагдсан норм дүрмүүдийг хэрхэн хэрэглэх, тухайн норм дүрэм дотор ямар асуудлыг зохицуулж байгаа тухай  видео хичээлийг оруулсан. Өөрөөр хэлбэл, шинээр батлагдсан   норм ба дүрмийг боловсруулсан зөвлөхүүдийн тайлбарыг үзэж болно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд та бүхэн mcis.gov.mn сайтаар өргөнөөр үйлчлүүлээрэй гэж уримаар байна.