ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Жавхлан: Ипотекийн зээл шинээр авсан иргэдэд ч Ковидын хууль тэгш үйлчлэх ёстой

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-12-22

Ипотекийн зээлийг ирэх онд дахин зургаан сараар сунгах эсэх талаар Засгийн газраас ямар бодлого гаргасан талаар Сангийн сайд Б.Жавхлангаас тодрууллаа.

-Ковидын хуулийг сунгасантай холбогдуулан ипотекийн зээлийг дахин зургаан сараар сунгана гэсэн ч Монголбанкны зүгээс боломжгүй гэж хариулт өгч байгаа талаар яригдаж байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч?

-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ковидын хуулийг дахин зургаан сараар сунгах нь зөв гэсэн шийдвэр гарлаа. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд ипотекийн үндсэн төлбөр болон хүүг хойшлуулж болно гэсэн заалт бий. Энэ заалт цаашаа дахин зургаан сараар үргэлжилнэ. Гэхдээ энэ хугацаанд иргэд өөрсдөө үндсэн болон зээлийн хүүгээ төлөөд явах эрх нь нээлттэй. Төлөх тусмаа л иргэдэд байр нь тэр хэрээр өөрийнх нь мэдэлд хурдан ирнэ шүү дээ. Төлөхгүй байх хугацааг нь дахин зургаан сараар сунгах юм. Монголбанкнаас өгсөн мэдээллийг сонссон. Системийн хүрээнд хяналт тавьж байгаа учраас ингэж хариулахаас өөр аргагүй. Гэхдээ Засгийн газар бүрэн эрхийн хүрээнд гаргаж байгаа шийдвэр.

-Зээлийн эргэн төлөлтийг үе шаттай хойшлуулж байгаа нь дараа дараагийн зээлдэгчид зээл олдохгүй байх, зээлийн эх үүсвэр бүрдэхгүй байх сөрөг үр дагавартай юм биш үү?

-Нэг талаараа тийм ч гэлээ өрөөсгөл ойлголт. Нэгэнт хоёр жил сунгасан юм чинь зургаан сараар дахин сунгалаа гээд зээл төлөгдсөнгүй гээд банкуудыг алдагдалд оруулж, дампуурал руу хөтлөөд байна гэж ойлгохгүй байгаа. Эх үүсвэрийн хувьд МИК компани төвтэй, гурвалсан систем шүү дээ. Монголын ипотекийн корпорациас санхүүжилт нь гардаг. Банкуудаас ч бас эх үүсвэр гарна. 10 их наяд хөтөлбөрийн нэг том хөтөлбөр нь бас ипотек шүү дээ. Энэ жилийн тухайд маш өндөр гарсан. Урьд өмнө хэзээ ч ийм өндөр гарч байгаагүй. Бараг 750 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргасан.

-Шинээр зээл авч байгаа хүмүүсийн зээлийг банкууд царцаахгүй байгаа юм билээ?

-Сонголт өгөх ёстой л доо. Хууль адилхан үйлчлэх ёстой шүү дээ.

-Ковидын тухай хуулийн 7.1.2-ыг яагаад өөрчилсөн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж болох уу?

-Одоо ч энэ заалт байгаа. Шаардлага гарвал төсвийн ерөнхийлөгч захирагч нар төсвийн урсгал болон хөрөнгийн зардлаа хооронд нь зохицуулалт хийж болно гэж байсан. Зургадугаар сард орсон нэмэлт өөрчлөлтөөр 7.2-ыг нэмж оруулсан бөгөөд тус заалтад “7.1.2-д заасан өөрчлөлтийг хийх бол Төсвийн тодотголоор УИХ-д өргөн барьж өөрчилнө” гэж тусгасан. Цаашдаа ковидын хуулийг сунгах зайлшгүй шаардлага байна гэж үзвэл 7.2-ыг авчихаад 7.1.2-ыг хадгалж үлдэе гэж шийдсэн. Омикрон, хил хаагдсан зэрэг олон эрсдэл байгаа учраас энэ эрхээ хадгалж үлдэж байгаа юм.