Хил, гаалиар нэвтрэх барилгын материалын тээвэрлэлт хүндэрсэнтэй холбоотойгоор бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа зэрэг цаг үеийн нөхцөл шалтгаанаас үүдэн Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч нарын төлөөлөлтэй санал солилцох уулзалт хийлээ. Уулзалтын үеэр БНХАУ-аас түүхий эд болон бараа бүтээгдэхүүнээ татдаг үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчдийн хувьд наймдугаар сард захиалж, төлбөрийг нь шилжүүлсэн бараагаа авч чадаагүй байна, хавар бүтээн байгуулалтын ажил өрнөх үед бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэх эрсдэл өндөр байгааг хэллээ.
БНХАУ-ын хил дээр барилгын бараа материалын 15 мянган тонн буюу 250 чингэлэг ачаа гацаад байна. Иймээс цаашид Тяньжин боомтод гацсан ачаа барааг Бичигтийн болон бусад боомтыг нээж ажиллуулах замаар шийдвэрлэж өгөх саналыг ханган нийлүүлэгчид гаргаж байлаа.
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар 2022 онд иргэдийг орон сууцжуулах, бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэхэд тээвэрлэлтийн хүндрэлээс үүдэж, ачаа бараа саатах эрсдэлийг даван туулах хүрээнд төр, хувийн хэвшил, ханган нийлүүлэгч байгууллагууд ажлын нягт уялдаа холбоотой ажиллаж, Зам Тээврийн яам болон хил гаалийн мэргэжлийн байгууллагуудтай уулзалт хийж, мэдээллээ түргэн шуурхай өгч солилцох, нэгдмэл байдлаар хамтран ажиллах чиглэлийг өглөө.