БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харьяа Солонгосын соёлыг хилийн чанадад сурталчлах газрын урилгаар дэлхийн 11 орны сэтгүүлч тус улсад зургаа хоногийн хугацаанд ажиллалаа. Өнгөрсөн сарын 29-нөөс энэ сарын 4-ний хооронд болсон энэхүү ажлын айлчлалын үеэр Солонгосын Ардчиллын хүрээлэнгийн захирал Шинъ Хёншигтэй уулзаж, ярилцсан юм.
-Ардчиллын явцын талаар танилцуулахдаа та ардчилал бүрэн утгаараа тогтоогүй байна гэж хэлсэн. Ардчиллыг бүрэн утгаар нь тогтоохын төлөө олон ажил хийх шаардлагатай байгаа гэсэн. Ямар ажил хийх хэрэгтэй байна вэ?
-Цаашдаа нийгэм, эдийн засгийн ардчиллыг бэхжүүлэх ёстой. Ядуу, эмзэг бүлгийн хүмүүсийн халамжийн асуудлыг шийдэх, тэдний амьжиргааг дээшлүүлэх ажлыг хийх хэрэгтэй юм. Тэгж байж бүрэн ардчилсан улс болно. Нийгмийн цөөнх, эмзэг бүлгийн эрх ашгийг хамгаалсан ардчиллыг бий болгох ёстой гэж бодож байна. Цагдаа, цэрэг, тагнуул зэрэг хүчний байгууллагыг ардчилсан аргаар удирддаг байх ёстой гэж бодож байгаа.
-1988, 2018 онд төстэй үйл явц өрнөснийг зэрэгцээ онол гэж тодорхойлж байгаа юм байна. Тэр зэрэгцээ онол гээд байгаа чинь яг юу юм бэ. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-1987 оны зургадугаар сард ардчиллын төлөөх хөдөлгөөн өрнөсөн. Харин 1988 онд Сөүлийн олимп болсон. 1988 оны олимпын наадамд 161 улс оролцсон нь түүхэндээ хамгийн олон улс орсон олимп болсон юм. 1988 оны Сөүлийн олимпоос хойш Солонгос Хятад, Оростой дипломат харилцаа тогтоогоод, батлан хамгаалахын бодлого хэрэгжүүлж чадсан. Мөн 1990-ээд оны эхээр Орос, Баруун Европт коммунист улсууд задарсан. Үүнтэй төстэй үйл явц яг одоо өрнөж байгаа. 2017 онд Солонгост ардчиллын төлөөх хувьсгал өрнөсөн. Улмаар энхтайвны аргаар төрийг сольсон. 2018 онд Пёнчаны өвлийн олимп болсон. Энэ олимпын наадамд 92 улс оролцсон. Энэ нь өвлийн олимпын түүхэнд хамгийн олон улс оролцсон олимп болсон. Үүнийг л зэрэгцээ онол гээд байгаа юм.
-Хоёр Солонгосын хооронд болсон түүхэн уулзалтын талаар танай иргэд ямар бодолтой байгаа бол. Цаашид энэ харилцаа хэрхэн өрнөх бол?
-Саяын уулзалтаар нэг зүйл тохирсон. Ирэх наймдугаар сарын 15-нд Улаан загалмай нийгэмлэгийн зуучлалаар хоёр Солонгосын салсан гэр бүлүүдийг уулзуулахаар тохирсон. Индонези улсад болох Азийн наадамд хоёр Солонгосын хамтарсан багийг оролцуулах талаар мөн ярилцсан. Хойд Солонгосын цөмийн зэвсгийн асуудлаас болоод Өмнөд Солонгосын үнэт цаасны ханш буурч байсан. Саяын уулзалтын дараагаас эргээд өсч байгаа. Уг нь Солонгос хойгийн улс. Гэвч хоёр болж хуваагдсанаас болоод Өмнөд Солонгос арал улс болчихсон. Хэрвээ Хойд Солонгостой нэгдвэл түүгээр дамжуулаад эх газартай шууд холбогдож, Хятад, Сибириэр дамжуулаад, Европ хүртэл машин, галт тэргээр аялах боломжтой болно. Энэ бүхнийг зүгээр нэг сайхан мөрөөдөл гэж бодож болохгүй. Гэхдээ хоёр Солонгосын нэгдлийг бодитоор хэрэгжүүлэхэд маш олон асуудал байгаа. Японы туйлширсан үзэлтнүүд. Хойд Солонгосын коммунистууд, АНУ-ын зарим нэг улс төрийн хүчнүүд хоёр Солонгосыг нэгтгэхийн эсрэг байр суурьтай байгаа юм. Мөн Солонгост ч гэсэн маш олон сөрөг хүчин байгаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн уулзалтын талаар сөрөг үзэл бодолтой байгаагаа илэрхийлж буй олон хүн, нам эвсэл бий. Хамгийн том сөрөг хүчин хоёр Солонгосын нэгдлийг эсэргүүцсэн байр суурьтай байгаа. Харин Хойд Солонгосын Ерөнхийлөгч Ким Жон Ун анх удаа өөрийн биеэр нэвтрүүлэгт орсон. Мөн дөрөвдүгээр сарын 27-ны уулзалтын мэдээлэл маргааш нь Хойд Солонгосын сонинд дөрвөн нүүрээр гарсан. Хойд Солонгосын иргэдэд энэ уулзалтыг шууд дамжуулж, үзүүлсэн. Энэ утгаараа маш ач холбогдолтой болсон.
-Хойд Солонгостой уулзсан энэ уулзалт бусад орнуудтай хамтарч ажиллаж буй хамтын ажиллагаанд ямар нөлөө үзүүлэх бол?
-Юуны өмнө Солонгос гэдэг брэндийн үнэ цэнэ нэмэгдэнэ. Түүнийгээ дагаад Солонгосын хамгийн том групп болох “Самсунг”, “Хюндэй” гэх мэт олон компанийн брэндийн үнэ ч гэсэн нэмэгдэх учиртай. Өнгөрсөн хугацаанд хоёр Солонгосын хоорон дахь асуудлаас болоод цэрэг, арми, аюулгүй байдалдаа зориулж маш их хөрөнгө зарцуулж байсан. Хэрвээ хоёр Солонгос нэгдвэл энэ мөнгөө өөр зүйлд зарцуулна. Хөгжлийн хамтын ажиллагаа ч юм уу. Ялангуяа гуравдагч улс буюу Латин Америк, Ази, Африкийн улсуудыг хөгжүүлэх чиглэлийн хамтын ажиллагаанд зарцуулах боломжтой болно. Солонгос улс НҮБ-д дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ нэг хувийг хүмүүнлэгийн үйл ажиллагаанд зарцуулна гэсэн амлалт өгсөн. Тэр амлалтаа өнгөрсөн хугацаанд сайн биелүүлж чадаагүй. Улсын төсөвт маш их ачаалал өгч байсан. Хэрвээ хоёр Солонгос нэгдвэл цэрэг, армид зарцуулж буй төсвөө хэмнэж, НҮБ-д өгсөн амлалтаа биелүүлж, буурай орнуудыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах боломжтой болно.
-Хоёр Солонгосыг нэгтгэхийн тулд Германы туршлагын дагуу хийнэ гэсэн. Гэхдээ хоёр Германы эдийн засгийн ялгаа маш бага байсан. Харин хоёр Солонгосын эдийн ялгаа асар их байгаа шүү дээ. Энэ ялгааг даван туулахын тулд Өмнөд Солонгосын Засгийн газраас ямар бэлтгэл ажил хийж байна?
-Хоёр Германы бүрэн нэгдэхэд 10-аад жил шаардагдсан. Эдийн засаг, нийгмийн хувьд нэгдэх явцаар дамжиж нэг улс болсон. 2000, 2007 оны хамтын тунхагийн дагуу хоёр Солонгос нэгдвэл шууд нэг улс болчихгүй. Хоёр улсын нэгдэл хэлбэрээр нэгдэх байх. Нэг улс болохын тулд маш их хугацаа орно. Эхэндээ хоёр улсын нэгдэл хэлбэрээр оршин тогтнох болов уу.
-Хоёр Солонгосын Ерөнхийлөгч уулзаж, энхтайвны гэрээ, хэлэлцээр хийсэн. Уур амьсгал нэлээд зөөлөрч байна. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Хойд Солонгосын Ерөнхийлөгчийн талаар нэлээд шүүмжлэлтэй үг хэлж байсан. Тэр нь энхтайвны гэрээ, хэлэлцээрийг орвонгоор нь эргүүлэх магадлалтай юу?
-Хойд Солонгос болон АНУ-ын Ерөнхийлөгчид уулзахаар төлөвлөж байгаа. Хэрвээ Хойд Солонгос, АНУ-тай дипломат харилцаа тогтоож, харилцан Элчин сайдын яамдуудаа байгууллаа гэж бодъё. Энэ тохиолдолд Хойд Солонгост дэд бүтцээ сайжруулах эрэлт хэрэгцээ үүснэ гэж бодож байна. Харин хоёр Солонгосын гэрээ хэлэлцээрт ноцтой нөлөө үзүүлнэ гэж бодохгүй байгаа. Түүнээс гадна, Мүн Жэ Ин Ерөнхийлөгч Оросын Ерөнхийлөгч Путинтэй утсаар ярьсан. Сибириэс Солонгос руу хийн хоолой тавих. Цаашлаад Солонгосоор дамжуулаад Япон руу хүртэл гаргах боломжийн талаар ярилцсан.
-АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Хойд Солонгосын Ерөнхийлөгч Ким Жон Ун нар Улаанбаатар юм уу Сингапурт уулзана гэсэн мэдээлэл байна. Хаана уулзах боломжтой гэж бодож байна вэ. Энэ уулзалт хоёр Солонгосын дунд бий болсон эерэг харилцаанд ямар нэг байдлаар нөлөөлөх үү?
-Миний бодлоор Сингапураас илүү Улаанбаатарт уулзах магадлал өндөр болов уу. Яагаад гэвэл Ким Жон Ун галт тэргээр аялах дуртай, онгоцоор явах дургүй. Тийм болохоор галт тэргээр явах боломжтой Улаанбаатарыг сонгох болов уу гэж бодож байна. Америкт Трамп Ерөнхийлөгчийг нобелийн шагналд нэр дэвшүүлье гэсэн хөдөлгөөн өрнөж байгаа талаар мэдээлэл гарсан байсан. Хэрвээ тавдугаар сард багтаагаад Трамп, Ким Жон нар уулзаж, харилцан ашигтай үр дүнд хүрч чадлаа гэж бодъё. Хэрвээ тэгвэл энэ жилийн нобелийн шагналд нэр дэвших хамгийн боломжтой хүмүүс нь Трамп, Ким Жон Ун, Мүн Жэ Ин нар байх болов уу. Трамп, Ким Жон Жун хоёрын уулзалт маш их найдвар төрүүлж байгаа. Хэрвээ уулзалт бүтэмжтэй болж чадвал хоёр Солонгосыг нэгдэхийг эсэргүүцэж байгаа хүмүүс ч Хойд Солонгосын талаар өөр бодолтой болох байх.
-Солонгос руу зугтаж ирж байгаа хойд солонгосчуудын тоо нэмэгдэж байгаа гэж сонссон. Хойд Солонгостой илүү эерэг харилцаатай болбол тэндээс Өмнөд Солонгос руу ирэх иргэдийн тоо улам нэмэгдэнэ. Түүнээс гарах эдийн засгийн ачааллыг яаж шийднэ гэж бодож байгаа вэ?
-Ямар хэцүү асуулт вэ. Одоо Өмнөд Солонгост 35 мянган Хойд Солонгосын иргэн дүрвэж ирсэн байгаа. 35 мянга бол тийм ч их тоо биш. Харин энхтайвны гэрээ, хэлэлцээр байгуулсны дараа харилцан айлчлах, аялал хийхийг зөвшөөрдөг болох байх. Хоёр Германы жишээн дээр авч үзэхэд тэд 10-аад жилийн турш харилцан айлчлах, аялаж, харилцаж байж нэг мөр нэгдсэн байдаг шүү дээ.
-Хоёр Солонгосын хооронд зах зээлийн солилцоо явагдахад хэр хугацаа орох бол. Зах зээлийн солилцоо нь Өмнөд Солонгосын бизнест ямар нөлөө үзүүлэх бол. Хойд Солонгосын хямд ажиллах хүчийг ашиглаад илүү хүчирхэг болох боломж бий юу. Зах зээлийн солилцоо явагдсан тохиолдолд ямар салбарт илүү их нөлөө үзүүлэх бол?
-Хойд Солонгост НҮБ-аас хориг арга хэмжээ авсан байгаа. Хэрвээ хоёр Солонгосын харилцаа улам сайжирч, нэгдэх дээрээ туллаа гэхэд эхлээд хүмүүнлэгийн эд зүйл, будаа, эм, хоол хүнс өгөх байх. Таван сар дотор цөмийн зэвсгийн үйлдвэрлэлийг хаана гэсэн. Хэрвээ үнэхээр хаавал НҮБ-аас авч байгаа хориг арга хэмжээг болиулах боломж байгаа. Мөн Гэсон хотод хоёр Солонгосын харилцан холбоотой ажиллах цэгийг байгуулахаар болсон. Тэгэхээр эхлээд Гэсон комбинатыг дахин ажиллуулах байх. Владивостокоос Хойд Солонгосоор дамжуулаад Өмнөд Солонгосын Бусан хотыг холбосон төмөр зам. Хятадаас Хойд Солонгосын нийслэл Пеньян, Өмнөд Солонгосын Мугбу хотоор дамжуулж төмөр зам тавина. Хойд Солонгост өлсгөлөнд нэрвэгдэх дөхсөн иргэд цөөнгүй бий. Тийм болохоор Өмнөд Солонгосын газар тариаланд ашиглаж буй дэвшилтэд технологийг Хойд Солонгосын хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд зориулж нэвтрүүлнэ. Ургацийг нь нэмэгдүүлнэ. Хойд Солонгосын ажиллах хүч Өмнөд Солонгосын зах зээлд орж иртэл дор хаяж таван жил шаардлагатай. Тэр шилжилтийн явцад хоёр Солонгосын цэрэггүй бүсэд Гэсэн хот шиг үйлдвэрлэлийн хотыг байгуулж, Хойд Солонгосын шилдэг ажиллах хүчийг ашиглах боломжтой. Тийм учраас Өмнөд Солонгосын залуучууд ажлын байргүй болох, Хойд Солонгосын хямд ажиллах хүч түрж орж ирэх сөрөг нөлөө үзүүлнэ гэж бодохгүй байна.