Засгийн газрын шийдвэрээр жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногийн бямба гарагийг хөрс хамгаалах үндэсний өдөр болгон зарласан байна. Тиймээс Монгол Улсын хөрсний өнөөгийн байдал болон цаашид хөрс хамгаалах чиглэлээр ямар ажил зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваагаас тодрууллаа.
-Хөрс хамгаалах өдрийг тохиолдуулан танай яамнаас ямар үйл ажиллагаа зохион байгуулсан бэ?
-Энэ өдрийг угтаад олон ажил хийлээ. БОАЖ-ын сайд нийслэл, бүх аймгуудад өргөн хүрээтэй ажлуудыг зохион байгуулах чиглэл өгсөн. Энэ хүрээнд өнөөдөр хөрсний нөхцөл байдал, хөрсний болон газрын доройтол, бохирдлын асуудал ямар байгаа талаар ард иргэдэд, аж ахуйн нэгж байгууллагуудад үнэн зөв мэдээллийг өгч ажиллалаа. Мөн хөрсний мөн чанар, ач холбогдлын талаар ойлгуулах, энэ чиглэлд хүмүүсийг анхаарлыг чиглүүлэх, хөрс хамгаалахад иргэн бүр хувь нэмрээ оруулдаг болгох чиглэлээр гол ажлуудыг хийсэн.
-Монгол Улсад хөрс хамгаалах үйл ажиллагаа явуулдаг, тандан судалдаг хэчнээн байгууллага байдаг вэ. Эдгээр байгууллагуудтай хамтран ямар ажлуудыг хийв?
-Монгол Улсын хэмжээнд хөрсний тандалт судалгааг МУИС, ШУА-ийн Газар зүй, гео экологийн хүрээлэн, ХААИС, ХХААХҮЯ, Дарханы ургамал газар тариалангийн хүрээлэн зэрэг шинжлэх ухаан, судалгааны байгууллагууд хийж байна. Эдгээр байгууллагууд болон хөрсийг хамгийн их ашигладаг гол бүс нутгууд болох Сэлэнгэ, Булган, Төв, Дархан-Уул, Орхон зэрэг аймгуудын удирдлагуудыг оролцуулсан томоохон хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлгийн үр дүнд хөрсний талаар сүүлийн үед хийж байгаа судалгаа, шинжилгээний гол үр дүнг ашигласан томоохон мэдлэг мэдээллүүдийг нэгтгэсэн. Мөн хөрс юуны улмаас бохирдож байгаа, хөрс хамгаалах чиглэлээр юу хийх боломжтой талаар иргэдэд зориулсан томоохон үзэсгэлэн зохион байгуулсан. Бусад аймгуудад олон төрлийн ажил хийж байна. Түүнчлэн, их дээд сургуулийн байгаль шинжлэлийн чиглэлийн мэргэжлийн оюутнуудын дунд улсын экологийн олимпиадыг энэ жил “Хөрсөө хамгаалъя” уриан дор зохион байгуулсан.
-Монгол орны хувьд хөрсний өнөөгийн байдал ямар байна вэ?
-Монгол орон их газрын эрс тэрс уур амьсгалтай. Чийглэг бус, хуурайшилт ихтэй цаг уурын улмаас эмзэг хөрстэй бүсэд хамаардаг. Сүүлийн жилүүдэд хөрсний болон газрын доройтол нэлээд эрчимтэй явж байна. Нийт нутаг дэвсгэрийн 76.8 хувь нь цөлжилтөд автсан. Хэд хэдэн зүйлээс болж хөрсний доройтол цэгэн байдлаар үүсч бий болж байна. Тодруулбал, говийн бүс нутагт уул уурхайн бүтээгдэхүүнийг гадагшаа экспортлохтой холбогдсон тээврийн улмаас хөрс эвдрэх явдал ихэссэн. Монгол Улсад машин техник хэрэглэдэггүй хөдөөний айл байхгүй болсон. Өвөлжөө, хаваржааны хооронд том замууд гарсан байдаг. Судлаачдын гаргасан тоон мэдээгээр гурван сая орчим га бэлчээр авто замын элэгдэлд орсон байсан. Мөн уул урхайн үйл ажиллагаанаас болж хөрс их хэмжээгээр эвдэрдэг. Ялзмагт давхарга, түүний доод давхаргуудыг хүртэл хөрс хуулж, олборлолт хийдэг учраас нөхөн сэргээлт хийхгүй бол хөрс их хэмжээгээр гэмтэж байна. Үүнээс гадна, төв суурин газруудад хөрсний бохирдол их байна. Тухайлбал, нийслэл хотод Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул дүүрэг, гэр хороолол бүхий бүсэд хөрсний нянгийн бохирдол 88 хувиас буурахгүй байна.
-Хөрсний бохирдлыг бууруулахын тулд яах ёстой вэ?
-Хөрсийг бохирдуулж байгаа хүчин зүйлүүдийг зогсоох хэрэгтэй. Тухайлбал, уул уурхайн үйлдвэрлэлээ бүтээгдэхүүнээ зөөвөрлөхөд заавал хатуу хучилттай шаардлага хангасан авто замаар тээвэрлэдэг болох. Мөн цэгэн бохирдлуудыг үүсгэж буй авто машины засвар, томоохон захууд, арьс ширний үйлдвэрүүдэд стандартын шаардлагыг мөрдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Түүнчлэн, ил задгай зориулалтын бус газар хог хаях явдлыг зогсоох ёстой. Мөн уул уурхайн үйлдвэрүүд нөхөн сэргээлтийн үйл ажиллагаагаа тухайн стандарт аргачлалын дагуу бүрэн хэмжээнд техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хийх хэрэгтэй. Нийслэлийн хувьд гэр хорооллын жорлонг орчин үеийн техник, технологийн шаардлага хангасан жорлонгоор солих шаардлагатай байна. Тухайлбал, суурьшлын бүс болоод он удсан гэр хорооллын айлуудын жорлонг соруулж бордоо болгох, хатааж хагсраах, орчин үеийн шинэ бордоо болгодог хуурай болон нойтон технологиудыг нэвтрүүлэх шаардлагатай байгаа.