Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах хүрээнд төрийн захиргааны зарим байгууллагын нэгдсэн байрыг Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх Хөшигийн хөндийд байгуулах газрын байршлыг судалж тогтоох шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргажээ. Энэ талаар Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар мэдээлэл хийлээ.
Улмаар, зураг төслийг боловсруулах болон барьж байгуулахад шаардагдах хөрөнгийг тооцож, улсын төсөв, бусад эх үүсвэрээс зохих хууль, дүрмийн дагуу санхүүжүүлэх асуудлыг судлан шийдвэрлүүлэх талаар үе шаттай төлөвлөгөө гарган ажиллаж, ажлын явц, гүйцэтгэлийг улирал тутам Засгийн газарт танилцуулж ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болгосон аж.
Монгол Улсын Ерөнхий сайдын энэ оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн захирамжаар Төв аймгийн Хөшигийн хөндийд Засгийн газрын байруудын нэгдсэн цогцолбор шинээр төлөвлөх, барьж байгуулах асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд нэгдсэн судалгаа хийж байгаа аж.
Энэ талаар Б.Мөнхбаатар сайд мэдэгдэхдээ “150 мянган хүн багтах хот төлөвлөлтийг хийж байна. Дархан, Эрдэнэт хотууд 100 мянган хүнтэй хот. Энэ хотод бидний хийх гол шийдвэр бол төрийн захиргааны зарим байгууллагыг үе шаттай хотоос гаргах тухай юм. Энэ бол улс төрийн шийдвэр. Төрийн захиргааны төв байгууллагууд биш, зарим байгууллагууд хотоос гарна.
Эхний ээлжид онгоцны буудлыг тойрсон үйлчилгээ ложистикийн хэсэгтэй холбоотойгоор инженерийн дэд бүтцийн зургуудыг хийж дуусаж байна. Тухайлбал, дулааны станц хаана барих, шугам сүлжээ хаагуур явах, усан сан хаана байх, цэвэрлэх байгууламж, цахилгааны том хэлхээнүүд хийгдээд хаана баригдах, үерийн далангууд зэрэг инженерийн дэд бүтцийн ажлын зургууд гарч ирж байна. Инженерийн дэд бүтцүүд, газрын доод талын бүтцийг барьснаар дарааа нь хувийн хэвшлийн олон барилга байшин баригдах боломжуудыг тавьж өгч байна" гэв.
Төрийн захиргааны байгууллагуудын нэгдсэн байрыг шинээр төлөвлөж байгуулснаар,
-
Шинэ хотжилт бүхий бүс нутгийн нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжих
-
Нийслэл Улаанбаатар хотын хөдөлмөр эрхлэлт, үйлдвэрлэл, үйлчилгээний хэт төвлөрлийг сааруулах, орон нутагт ажлын байр бий болгох
-
Төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хангах, төрийн албаны үйл ажиллагааг орон нутагт өргөжүүлэх
-
Шинэ хот, бүс нутагт гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татаж эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг бүрдүүлэн, шинжлэх ухаан, технологи, инновацийн үйлдвэрлэл, аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээг хөгжүүлэх зэрэг үр дүн гарна гэж үзэж байгаа юм.