“Эрдэнэс Тавантолгой” компани АМНАТ-ын асуудлаар Сангийн яамыг шүүхэд өгсөн гэх мэдээллийг Сангийн сайд Б.Жавхлан "үнэн" хэмээн баталгаажуулжээ. Тэрбээр, энэ талаар "news.mn" сайтад өгсөн ярилцлагынхаа үеэр “Уул уурхайн төрийн компаниуд ямар үүрэгтэй вэ гэхээр ард түмний баялгийг хамгийн үнэ хүрэх боломжит үнээр худалдаалах бодлого барих ёстой.
Тийм учраас энэ олон жил АМНАТ-аа хямд зарж ирсэн буруу бодлогыг өөрчлөх ёстой гэж үзсэн. Тиймээс ядахдаа хилийн үнээр үнэ хүргэж борлуулах бодлогын шийдвэр гаргах ёстой. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд өгсөн юм шиг байна лээ. Гэрээний үнэ голдуу хямд байдаг. Төр газрын хэвлийд буй ард түмний баялгийг олон улсын биржийн үнээр л зарж борлуулах ёстой юм. Засгийн газар бодлогын шийдвэр гаргачихаад байхад төрийн компани дагаж мөрдөх л ёстой. Нэг их айхтар асуудал үүсгэхгүй ойлголцох байх” хэмээжээ.
Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ам.долларын ханшийн асуудал, ОХУ, Украины дайнаас үүдэн валютын нөөц хомсдох эсэх асуудлыг ярилцсан бөгөөд Төв банкнаас валютын нөөц хэвийн байна гэдэг мэдээлэл өгчээ. Харин арилжааны банкууд нөөцөө хэрхэн хуваарилж байгааг мэдэхгүй байна гэв. Өөрөөр хэлбэл, иргэд хомсдол үүсэж байна гэсэн мэдээлэлд тулгуурлаж, нөөц үүсгэж байж магадгүй хэмээлээ.