Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран интернэтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор шүүлтүүрийн программыг нэвтрүүлж байгаа билээ. Энэ талаар Харилцаа холбооны зохицуулах хорооны мэргэжилтэн, ажлын хэсгийн ахлагч Т.Батболдоос тодрууллаа.
-Хүүхдүүд нь интернэт ашиглахдаа ямар сайтад хандалт хийж байгаа тухай мэдээлэл эцэг эхийн утсанд очдог аппликейшн бий болгоно гэж байсан. Уг аппликейшн хэрэглээнд нэвтэрсэн үү?
-Насанд хүрэгчдэд зориулсан цахим хуудаст хүүхэд нэвтэрсэн тохиолдолд эцэг эхийнх нь гар утсанд мессэжээр мэдэгдэл очдог шүүлтүүрийн аппликейшн хийхээр төлөвлөж байсан. Гэвч төсөв мөнгөнөөс эхлээд шийдэгдэхгүй асуудлууд гарч ирсэн учраас хүүхдийн цахим хандалтын мэдээллийг хадгалдаг шүүлтүүрийн программыг хийхээр болсон. Гар утсанд мессэжээр очсон мэдэгдлийн төлбөрийг хаанаас, хэн гаргах вэ гэх мэт асуудал их байсан тул өөр хэлбэрийн аппликейшн хийж байна. Бидний хийж буй аппликейшныг эцэг, эхчүүд гар утас, компьютертоо суулгаад насанд хүрэгчдэд зориулсан, хүүхдэд хориотой сайтад хандалт хийж болохгүй тохиргоог хийнэ. Ингэснээр тухайн төхөөрөмжөөс хориглосон сайт руу хандалт хийж болохгүй бөгөөд ямар сайтад хандалт өгсөн тухай бүх мэдээлэл хадгалагдаж үлдэнэ. Эцэг эхчүүд хадгалагдсан мэдээллийг хараад, хянаад явж болно.
-Хэзээнээс хэрэглээнд нэвтрүүлэх вэ, одоогоор аппликейшныг бүтээх ажил хэдэн хувьтай явж байна?
-Одоогоор судалгаа нь хийгдээд явж байна. Ямар ч байсан энэ ондоо багтааж хэрэглээнд нэвтрүүлэх зорилт тавьсан байгаа.
-Насанд хүрэгчдэд зориулсан сайт руу нэвтрэхийг хориглосон гадаадын маш олон шүүлтүүрийн апп байдаг. Та бүхний хийж буй апп үүнээс юугаараа өөр байх вэ?
-Гадны орнуудын нэвтрүүлсэн шүүлтүүрийн программууд олон бий. Үнэтэй, үнэгүй гээд олон төрөлтэй. Үнэтэй аппликейшн нь хэдийгээр маш сайн ажиллагаатай боловч хэтэрхий өндөр үнэтэй байдаг. Харин үнэгүй апп нь гацах, шаардлагатай шүүлтүүрийг хийж чаддаггүй гэх мэт олон асуудал байдаг. Хамгийн гол нь бүгд гадаад хэлээр байдаг тул Монголын хэрэглэгчид ашиглахад бэрхшээлтэй байдаг учраас татаж аваад, ашиглаад явна гэдэг хэцүү. Тиймээс бид Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран хэрэглэгчийн шүүлтүүрийн монгол аппликейшн хийе гэж санаачилсан юм. Ард түмэндээ хэрэглэхэд хялбар, ухаалаг гар утас болон бүх төрлийн компьютерт суух боломжтой аппликейшн хэлбэрээр хийж байна.
-Та бүхний хийж буй аппликейшн ямар үнэтэй байх вэ?
-Иргэдэд үнэгүй татуулахаар төлөвлөж байгаа. Хамгийн гол нь тухайн аппликейшныхаа чанарт маш их анхаарч байна.
-Монгол хэлтэй шүүлтүүрийн программ өмнө нь гарч байсан уу?
-Монголчуудын бүтээсэн, монгол хэлтэй шүүлтүүрийн аппликейшн гэж байхгүй. Бидний хийж байгаа энэ аппликейшн анхных. Уг аппликейшныг гар утас, суурин болон зөөврийн компьютертээ суулгаад шүүлтүүрийн тохиргоог эцэг эхчүүд өөрсдөө хийх ёстой. Ингэснээр насанд хүрэгчдийн сайтад зөвхөн өөрийн нэвтрэх нэр, нууц үгээ оруулж байж хандалт хийх боломжтой болох эсвэл огт хандалт өгч болохгүй байдлаар ч тохиргоог хийж болно.