-В.Путин, Д.Медведев нар 16 жил хамтран ОХУ-ыг удирдахаар болж байна-
ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль өнгөрөгч гуравдугаар сард болж, В.Путин 76 хувийн саналаар үнэмлэхүй ялалт байгуулж, улиран сонгогдсон билээ. Ингэснээр тэрбээр 20 жил тус улсын Ерөнхийлөгчийн албыг хашихаар болсон юм. Тэгвэл өнгөрөгч даваа гарагт В.Путин Кремлийн ордны Андреевын танхимд тангараг өргөж, үүрэгт албандаа орсноор Засгийн газрын хуучин танхим ажлаа өгөв. Ерөнхийлөгч хоёр долоо хоногийн дотор шинэ Ерөнхий сайдын нэрийг дэвшүүлэх ёстой бөгөөд парламентын доод танхим Ерөнхий сайдад нэр дэвшигчийг долоо хоногийн дотор батлах үүрэгтэй байдаг.
Харин В.Путины хувьд Ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараа ирэх зургаан жилд дахин Дмитрий Медведевийг Ерөнхий сайдаар улираан томилуулах хүсэлтээ төрийн Думд гаргасан нь дэлхий нийтийн анхаарлыг татлаа. Эдүгээ 52 настай Д.Медведев өнгөрсөн зургаан жилийн хугацаанд Засгийн газрыг толгойлсноос гадна түүнээс өмнөх дөрвөн жилд буюу 2008-2012 онд ОХУ-ын Ерөнхийлөгчөөр, харин В.Путин түүний Засгийн газрын тэргүүний албыг хашч байсан удаатай. Нэгэнт Ерөнхийлөгч хүсэлтээ гаргасан тул төрийн Дум өчигдөр шинэ Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцсэн бөгөөд санал хураалт үдээс хойш болов. В.Путин өнөөдрийг хүртэл нийтдээ 14 жил ОХУ-ын төрийн тэргүүнээр, хоёр ч удаа Ерөнхий сайдаар ажилласан юм. Харин ирэх зургаан жилд дахин Д.Медведевийг Засгийн газрын тэргүүнээр томилсноор тэд нийтдээ 16 жил хамтран улсаа удирдахаар болж байна.
Нөгөөтэйгүүр, В.Путиныг төрийн тэргүүнээр ажиллаж байх хугацаанд тус улсын Засгийн газар харьцангуй тогтвортой ажиллаж иржээ. Түүний Ерөнхийлөгчөөр ажилласан 14 жил болон ирэх зургаан жилийг хамгийн ойрын жишээ болох хоёр ч удаа улиран сонгогдсон экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийн хугацаатай харьцуулж үзье.
Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 оноос 2017 оныг хүртэл нийт найман жил Монгол Улсын төрийн тэргүүнээр ажилласан юм. Харин энэ хугацаанд манай улс дөрвөн ч Ерөнхий сайдын нүүр үзжээ. Тодруулбал, түүнийг 2009 оны сонгуульд ялалт байгуулах үед манай улсын Ерөнхий сайдаар С.Баяр ажиллаж байлаа. Тангаргаа өргөснөөс нь хойш таван сарын дараа огцорч, С.Батболд шинэ Ерөнхий сайдаар томилогджээ. Түүнчлэн, хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд нь мөн л хоёр сайд солигдсоны нэг нь Н.Алтанхуяг, нөгөө нь Ч.Сайханбилэг нар байв. Эсрэгээр В.Путин 20 жил ОХУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллахад таван Ерөнхий сайд солигдох нь. Түүний 2000-2008 оныг хүртэлх найман жилийн бүрэн эрхийн хугацаанд Засгийн газрын тэргүүнээр нь Михаил Касьянов, Михаил Фрадков, Виктор Зубков нар ажилласан бол үлдсэн хугацаанд нь ганц Д.Медведев гүйцэтгэх засаглалыг толгойлох нь ээ.
ОХУ болон Монгол Улсын хувьд засаглалын хувьд адилгүй. Гэвч ардчилал гэдэг томдсон малгайны уршиг Монгол Улсад ямар үр дүн гаргасныг энэ хоёр эрхмийн төрийн тэргүүн байсан он жилүүдээс харьцуулж болмоор санагдана. Нэг нь 20 жил төр удирдахдаа таван Ерөнхий сайдын нүүр үзэх нь. Улсынх нь хөгжил дэлхий дахинд гайхагдаж байна. Харин нөгөө нь наймхан жил Төрийн тэргүүнээр ажиллахдаа өөрийн, өрөөлийн намын дөрвөн ч Ерөнхий сайдтай хамтарч ажиллав. Үр дүнд нь Монгол Улсын эдийн засаг унаж, үйлдвэрүүд дампуурч, уул уурхайн төслүүд нь эхнээсээ зогслоо. Засгаа олон сольсноор улс хөгждөггүй гэдгийн тод томруун жишээ нь Монгол Улс болж түүхэнд бичигдэж үлджээ. Тооны хувьд тэнцүүхэн ч цаг хугацааны хувьд асар хол зөрүү байгааг уншигч та эндээс ажигласан биз. Хамгийн хоржоонтой нь Ц.Элбэгдоржийн ард бамбай нь болж явсан, 2013 онд түүнд дахин ялалт авч ирсэн намынхаа эсрэг тэр олон жил ажиллаж байлаа.
Тэр ч байтугай өөрийн намынхаа Засгийн газрыг огцруулахад оройлон оролцож, дэгээ тавьсан хүн нь Ц.Элбэгдорж байсан гэдгийг ч Н.Алтанхуяг индрийн ардаас зоригтой мэдэгдэж байв. Монгол Улс тогтвортой хөгжлийн тухай олон жил ярьж байгаа. Ялсан нам болгон төрөө тогтвортой удирдана гэж амлалт өгдөг. ОХУ-ыг В.Путин удирдах сургаар ч түүн шиг удирдагчийг үгүйлж эхлэв. Гэвч ардчиллын зам сонгосон улсад хэдэн мянган В.Путин байгаад ч нэмэргүй. Улс төрийн хоёр намын хэмжээлшгүй эрх мэдэл, түүн дотроо цөөхөн хэдэн олигархи улстөрчдийн тоглоомын дүрэм үйлчилж байгаа цагт урт хугацаанд тогтвортой хөгжих тухайд яриад ч нэмэргүй биз ээ. Магадгүй нэг хүн хэдэн ч удаа Ерөнхийлөгчөөр улирч сонгогддог тогтолцоотой, түүний 16 жилд нь Ц.Элбэгдорж Төрийн тэргүүнээр ажилласан бол 20 байтугай Ерөнхий сайдтай, улс нь баялгийн хараалд автаж, өнөөдрийн байгаагаас ч долоон дор нөхцөл байдалтай суух байсныг хэн ч үгүйсгэхгүй. Золоор тийм зүйл тохиохгүй. Гэвч, түүний засагласан найман жилийн үр дүн бидэнд Үндсэн хуулиа өөрчилж, сонгуулийн мөчлөгөө уртасгаж, хамгийн чухал нь тогтвортой засаглал бий болгох ёстойг сануулж, гашуун сургамжийг ч өглөө.