Өвөрхангай аймагт дулааны станц барих ажлыг эхлүүлсэн талаар Эрчим хүчний яамнаас мэдээллээ. БНСУ-ын 13 сая долларын хөнгөлөлттэй зээлээр барьж буй 30 Гкал/цаг-ийн хүчин чадалтай уг станцыг дагалдуулж дулаан дамжуулах 11 төв, 9182 метр урттай дулааны шугам сүлжээг байгуулах юм.
БНСУ-ын “Бьюксан инженеринг” компани 26 сарын хугацаанд барьж гүйцэтгэж ашиглалтад оруулах бөгөөд тус аймаг дулааны станцтай болсноор айл өрхүүд, албан байгууллагууд хэрэглээний халуун усаар хангагдахаас гадна Арвайхээр хотын 28 уурын зуухыг буулгаснаар агаарын бохирдлыг 50 хувиар бууруулна гэж тооцжээ.
Дашрамд дурдахад, Монгол Улс 10 аймгийн төвд дулааны станц, шугам сүлжээ барихаар төлөвлөөд байгаа аж. Тодруулбал, “10 аймгийн төвийн дулааны станц барих” төслийн ажил Хэнтий, Сүхбаатар аймгуудад эхэлсэн аж.
Хэнтий, Сүхбаатар, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Говьсүмбэр аймгийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр БНСУ-ын “Бьюксан инженеринг” компани шалгарчээ. Төслийг 26 сарын хугацаанд хэрэгжүүлж 2024 оны халаалтын улирал эхлэхээс өмнө ашиглалтад өгөхөөр төлөвлөж байгаа гэв.