Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим хамтран нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийг 21 дэх жилдээ эрэмбэлэн өргөмжиллөө.
2021 онд ТОП-100 ААН-ийн нийт төлсөн татварын хэмжээ өмнөх жилээс 26 хувиар өсч 5.3 их наяд төгрөгт хүрсэн нь Монгол Улсын нийт татварын орлогын 47 хувийг бүрдүүлжээ. Борлуулалтын орлогын хэмжээ ДНБ-ий 82 хувьтай дүйцэж, ажиллагсдын тоо 8.3 мянгаар нэмэгдэж 99 мянгад хүрсэн аж.
"ТОП 100" аж ахуйн нэгжийн 72 нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг бол 10 нь Өмнөговь аймагт, дөрөв нь Сэлэнгэ аймагт, Орхон, Дорнод, Дорноговь аймагт тус бүр хоёр, Говьсүмбэр, Завхан, Хэнтий, Ховд, Говь-Алтай, Дархан-Уул, Сүхбаатар аймгуудад тус бүр нэг, нэг аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг аж.
Харин салбараар нь ангилвал, худалдаа үйлчилгээний салбарт 29, уул уурхай олборлох үйлдвэрлэлийн салбарт 22, харилцаа холбооны салбарт найм, хүнсний үйлдвэрийн салбарт ес зэргээр салбар бүрийн төлөөлөл шилдгээр багтжээ.